ДАРХАН-УУЛ: ​Ирээдүйн футзалын шилдэг тамирчид чууллаа

2019 оны 03 сарын 04

Дархан хотын Биеийн тамир спортын газарт 21 аймгийн аварга шалгаруулах 16 хүртэлх насны футзалын “Үндэсний цом”-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдэд шагналыг нь гардууллаа. 2018 оноос Монгол улсын ерөнхий сайдын ивээл дор багийн спортыг дэмжих, орон нутагт биеийн тамир спортыг бүх нийтийн хүртээл болгох, өсвөр үе залуучуудыг футзалын хөлбөмбөгийн спортоор шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хичээллүүлж, ирээдүйн тив дэлхийд нэр алдраа мандуулсан Монголын баг тамирчдыг бэлтгэн гаргах зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж ирсэн.

Монголын хөлбөмбөгийн холбоо, Дархан-Уул аймгийн ЗДТГ болон БТСГ-аас хамтран явуулж байгаа энэ удаагийн тэмцээнд монгол улсын 14 аймгийн 200 гаруй өсвөрийн тамирчид оролцож, хурд хүчээ сорин өрсөлдлөө. Ийнхүү 9 хоногийн хугацаанд Дархан хотноо өрсөлдөөн ширүүн өрнөсөн тус тэмцээний тэргүүн байр, цомын эзнээр Лхагва дасгалжуулагчтай Увс аймгийн шигшээ багийн баг тамирчид, 2дугаар байр мөнгөн медалийн эзнээр Эрхэмбаатар дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн баг тамирчид, 3 дугаар байр хүрэл медалийн эзнээр С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн шигшээ багийн өсвөрийн шилдэг тамирчид эзлэн шагналаа гардан авсан юм. Мөн Үндэсний цом тэмцээний шилдэг тоглогчоор Увс аймгийн шигшээ багийн тоглогч Амарсанаа, шилдэг довтлогчоор Дархан-Уул аймгийн Сод-Мөнх, харин шилдэг хаалгачаар Увс аймгийн Болдбаатар нар шалгарсан байна. Үндэсний цомын футзалын аварга шалгаруулах энэхүү тэмцээн нь тус насны ангиллаар 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа нь энэ бөгөөд анхны тэмцээнд Дархан-Уул аймгийн баг тамирчид аваргын цомыг хүртэж байсан түүхтэй юм.

Өнгөрөгч 2018 онд л гэхэд монголын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймагт мини хөлбөмбөгийн 2 ч стандарт талбай ашиглалтад орж хөлбөмбөгийн спортоор хичээллэгч хүүхэд залуусдаа хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Дархан хотноо зохион байгуулагдсан энэ удаагийн 21 аймгийн тэмцээнд оролцогч хүүхэд залуусын ур чадвар улам дээшилж өрсөлдөөн ширүүн өрнөснийг зохион байгуулагчид болоод шүүгчид онцлон хэлж байсан юм. Ийнхүү монгол улсын нийт 14 аймгаас хүрэлцэн ирсэн шилдэг 200 гаруй өсвөрийн тамирчид 3 хэсэгт хуваагдан өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top