АНУ Энэтхэг, Туркт худалдааны хөнгөлөлт үзүүлэхээ зогсооно

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 06

АНУ худалдааны хөнгөлөлттэй нөхцөл олгох орнуудын жагсаалтаас Энэтхэг, Турк улсыг хасна гэж АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар мэдэгджээ.

 

Тус газраас гаргасан мэдэгдэлд Худалдааны хөнгөлөлттэй нөхцөлийн системээс Энэтхэг улсыг хассан нь тус улс хэд хэдэн салбарын зах зээл рүү нэвтрэх баталгааг АНУ-д олгож чадаагүй гэх шалтгаантай холбоотой гэж дурджээ. Турк улс эдийн засгийн хувьд хангалттай хөгжиж буй тул АНУ-ын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр нэвтрэх шаардлагагүй болсон гэж мэдэгдэлд тайлбарласан байна.

 

Энэхүү системийн хүрээнд Энэтхэг улс нийт 5.6 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий бараа, бүтээгдэхүүнийг гаалийн татваргүй АНУ-д нийлүүлдэг байна. 2018 оны байдлаар, Шинэ Дэлитэй хийсэн худалдааны тэнцэл 21 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан гэж тус мэдэгдэлд дурджээ.

 

Туркийн хувьд, нэг хүнд ногдох ҮНБ-ий хэмжээ нэмэгдэж, ядуурлын төвшин буурч, экспортын нэр төрөл нэмэгдсэн нь эдийн засгийн өсөлт өндөр хувьд хүрснийг илтгэж байна гэж АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар онцолжээ.

 

АНУ-ын энэхүү алхам Энэтхэг улсын эдийн засагт маш бага буюу 190 сая ам.долларын нөлөө үзүүлнэ гэж Шинэ Дэли мэдэгдэв.

 

АНУ-ын энэ алхам худалдааны шударга бус гэх практикийн эсрэг хийж буй сүүлийн оролдлого болж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын худалдааны алдагдлыг багасгах амлалт өгсөн бөгөөд Энэтхэг улсын гаалийн татвар өндөр буйг удаа дараа шүүмжилж байсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top