Сүүлийн үед уул ус, газар орны нэрийг хамаагүй өөрчилж, зарим улс орнуудын газар нутгийг авах хүслээ ил цагаан илэрхийлэх болсон Доналд Трамп Исланд улсын дургүйг хүргэлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн “Truth” сошиал хуудастаа АНУ-ын төрийн далбаагаар Исланд болон бусад хэд, хэдэн улсыг бүрхсэн агуулгатай зураг оруулсан байна. Энэ нь Исландын дургүйг хүргэж АНУ-аас Исланд улсад суух Элчин сайдыг дуудаж анхааруулжээ. Исландын Гадаад хэргийн сайд уг үйлдлийг “олон улсын хэм хэмжээг, зөрчсөн зохисгүй үйлдэл” гэж мэдэгджээ.
Доналд Трамп даваа гарагт “Truth” сошиал хуудастаа АНУ-ын төрийн далбааг Канад, Гренланд, Исланд, Мексик, Төв Америк болон Карибын тэнгисйн орнуудыг бүрхсэн байдлаар дүрсэлсэн зургийг нийтэлсэн юм. Улмаар эх газрын энэ хэсгүүдийг “Америкийн нэгдсэн улс” гэж тэмдэглэсэн байжээ.
Исландын Гадаад хэргийн сайд Торгердур Гуннарсдоттир тэр даруй АНУ-ын Элчин сайд Билли Лонгийг дуудаж уулзан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Исландаас гадна Дани, Мексик улсын засаг захиргаа Доналд Трампын үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп газар нутгаа тэлэх хүсэлтээ үе, үе цухалзуулдаг. Ялангуяа Данийн өөртөө засах Гренланд арлыг худалдаж авах, Канад улсыг АНУ-ын 51 дэх муж болгох тухай асуудлыг илэрхийлсээр ирсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )