Трампт ХОР ИЛГЭЭСЭН байж болзошгүй этгээдийг баривчилжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 21


АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт рицин хэмээх хорт бодис бүхий дугтуй илгээсэн байж болзошгүй этгээдийг Канадаас АНУ-д нэвтрэхээр завдах үед баривчилсан тухай NBC суваг мэдээлжээ.

Сэжигтэй эмэгтэйг АНУ-ын Гааль, хилийн албаны ажилтнууд саатуулсан байна. Албаны эх сурвалж үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын хууль сахиулах албаныхан АНУ-ын Ерөнхийлөгчид хаягласан шошийн төрлийн ургамлаас гаргаж авдаг рицин хэмээн хорт бодис бүхий дугтуйг замаас нь илрүүлсэн билээ. Хэргийг Холбооны мөрдөх товчоо, Нууц албатай хамтран шалгаж байна. Захидлыг Канадаас илгээсэн байжээ. Холбооны мөрдөх товчоо нийгмийн аюулгүй байдалд аюул учраагүй гэж мэдэгдээд байна. 

Рицин нь хүний бие организмд орсноор дотор муухайрах, дотуур цус алдахад хүргэж, улмаар эрхтний үр ажиллагаа зогсож, үхэлд хүргэдэг байна. Рициний эсрэг ерөндөг байдаггүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top