АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийнх нь засаг захиргааны тушаалыг биелүүлэхгүй байхыг Америкийн цэргийн албан хаагчид, тусгай албадын ажилтнуудад уриалсан Конгрессын гишүүдийг хариуцлагад татах бодолтой байна Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кэролайн Ливитт сэтгүүлчдэд мэдэгджээ.
Тушаал биелүүлэхгүй байхыг цэргийн албан хаагчдад уриалах нь бослого үймээнд өдөөн хатгасан үйлдэл бөгөөд цаазын ял авах нөхцөл бүрдүүлж болзошгүй гэдгийг Дональд Трамп Ардчилсан намаас сонгогдсон Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын гишүүдэд анхааруулсан байна.
“Энэ үнэхээр муу бөгөөд аюултай үйлдэл. Тэдний үгийг анхаарахгүй өнгөрөөж болохгүй. Урвагчдын зүгээс бослого өдөөж байгаа хэрэг юм. Тэднийг шоронд хийдэг юм билүү? Засгийн газрыг түлхэн унагахад чиглэсэн өдөөн хатгалга үйлдэх нь цаазын ялтай” гэж Трамп Truth Social хуудастаа бичжээ.
Конгрессын Сенат болон Төлөөлөгчдийн танхимын зургаан гишүүн хууль бус тушаалыг биелүүлэхээс татгалзахыг цэргийн албан хаагчдад уриалсан дүрс бичлэг цацагдсантай холбогдуулан Америкийн төрийн тэргүүн дээрх тайлбарыг хийсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )