Путин цөмийн гэрээний хэрэгжилтийг түр зогсоох зарлигт гарын үсэг зурлаа

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 05

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээгээр ОХУ-ын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхийг түр зогсоох тухай зарлигт гарын үсэг зурлаа.

 

АНУ-ын зүгээс тус гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнтэй холбогдуулан арга хэмжээ авах шаардлага гарсан тул энэхүү зарлигийг гаргасан гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.

 

Зарлигт тус гэрээнд оролцогч талуудад энэ тухай мэдэгдэхийг ОХУ-ын Гадаад хэргийн яамд үүрэг болгосон байна.

 

Энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео хоёрдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ тус гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг түр зогсоож, хагас жилийн дараа уг гэрээнээс гарах болсон тухай зарласан. Үүнийгээ АНУ-ын тал ОХУ гэрээг зөрчиж буйтай холбон байгаа юм. Үүний хариуд В.Путин мөн хоёрдугаар сарын 2-ний өдөр Москва мөн өөрийн оролцоог түр зогсоох тухай мэдэгдсэн. Түүнчлэн, тэрбээр Вашингтонтой энэ асуудлаар яриа хэлэлцээ санаачлахгүй байхыг үүрэг болгоод АНУ өөрөө эрх тэгш, ач холбогдол бүхий хэлэлцээ хийхэд бэлэн болж, боловсрох ёстой гэж тайлбарлажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top