Ард түмний хүсэлтэд нийцсэн “76 түшээ” тодруулах хэлэлцүүлэг боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 12

"Намын төр үү, түмний төр үү?” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2019.03.12/ “Түмний 76” хөдөлгөөнөөс зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Х.Бэхбат, Б.Жаргалсайхан, Л.Удвал нарын Элчин сайд, дипломатууд, Э.Гэрэлт-Од, Д.Эрдэнэбаатар, Г.Дугаржав, Г.Чулуунбаатар, Б.Цогтгэрэл, Л.Оюун нарын улс төр судлаач, докторууд болон “Эх орон хөгжил дэвшил”, “Үндэсний хөгжлийн санаачлага”, “Тэнгэр, уул, ус нутаг минь”, “Монголын инноваци хөрөнгө оруулалтын сан”, “Ирээдүйн хот”, “Намгүй сум, дүүрэг хөдөлгөөн” зэрэг ТББ-ын төлөөлөл оролцлоо. Нийгэм, улс төрийн хүчнүүдийн төлөөлөл оролцсон уг хэлэлцүүлгийн үеэр “Дэлхийн улс орнуудын иргэний нийгмийн байгууллагууд ба улс төрийн намуудын түүхэн харилцаа” сэдвээр Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат, “Намд хүлэгдсэн монгол төр” сэдвээр МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл, “Намд барьцаалагдсан нялх тархи” сэдвээр МҮИС-ийн багш Б.Лхагварагч, “Дөрлүүлсэн хэвлэл мэдээлэл” сэдвээр МУСГЗ, сэтгүүлч Ц.Энхбат нар илтгэл тавьсан юм.

“Эх орон хөгжил дэвшил” ТББ-аас “Монгол Улсын эдийн засгийн өсөлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа ч айл өрхийн амьдрал дээрдэхгүй байна. Үүнийг өөрчлөх арга нь сонгуулиар зөв сонголт хийх явдал. Зөв сонголт хийхэд туслахын тулд бид ард түмний хүсэлтэд нийцсэн 76 хүнийг гаргаж ирэхээр шийдсэн” хэмээн тайлбарлаж байлаа. Үүний тулд цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах бөгөөд энэ удаад “Намын төр үү, түмний төр үү?” хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа аж.

Хэлэлцүүлгийн зорилгыг тодотгож, МУИС-ийн багш, доктор Л.Оюун “Сонгуулийн үеэр ард түмэнд сонголт байдаггүй. Тухайн тойрогт намуудаас нэг нэг хүн очдог. Гэтэл ард түмэн өөр хүнийг сонгох хүсэлтэйгээ илэрхийлдэг. Тиймээс бид эрэл хайгуул хийсэн. Ард түмний хүссэн төрийн түшээг гаргаж ирэхийн тулд салбар бүрээс санал асуулга авсан. Ингээд 5000 гаруй хүний санал ирснээс бид 300 хүнийг шигшиж авсан. Энд улс төрийн бүхий л хүчнээс болон нийгмийн зүтгэлтнүүд багтсан байгаа. Эндээсээ хэлэлцүүлэг өрнүүлэх замаар 76 төлөөлөгчийг тодруулна. Энэ нь Монгол Улсыг удирдах багийг гаргаж ирэхэд чиглэх юм.

Өнөөдөр Монголд чадваргүй баг тоглолт хийж байна. Эцэст нь ард түмэн ялагддаг. Монголыг удирдах Монголын шигшээ багийг бүрдүүлэх зорилгын төлөө ажиллаж байна гэсэн үг. Монгол улсын төлөө зүтгэх идэвх санаачлагатай хүмүүсийг гаргаж ирээд 76 тойрогт мандат зүүлгээд дэвшүүлэх юм. Ингэснээр ард түмэнд сонгох сонголт нэмэгдэнэ” гэсэн юм.

“Намын төр үү, түмний төр үү?” хэлэлцүүлэгт оролцсон зочид ард түмний хүссэн нэр дэвшигчийг олон нийтийн хэлэлцүүлгээр гаргаж ирэх санаачлагыг дэмжиж байлаа.

Тухайлбал, БНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо “Өнгөрсөн 20 гаруй жилд хоёр нам л төрийг жолоодлоо. Энэ хоёр намаас гарч нэгнийгээ муулаад явж байгаа хүмүүсээс болоод улс төрийн намууд, улстөрчдийн нэр хүнд унаад байна. 1990 онд МАХН-ыг татан буулгаагүйгээс болоод энэ систем өөрчлөгдөөгүй. Өнөөдөр залуучууд улс төрд оролцох хэрэгтэй. Ирээдүйнхээ төлөө санаа тавьж оролцдог баймаар байна. Залуусыг боловсролтой болгоход анхаарах учиртай. Бид том зүйл ярихаас илүүтэй бидний хүүхдүүдэд ямар хүн хичээл зааж байгааг харах хэрэгтэй. Сууриас нь эхэлмээр байна. Дээрээс нь улс төрийн намуудын төлөвшлийг дээшлүүлмээр байна. Нийгэмд тогтсон муу ойлголтыг өөрчлөх учиртай. Монгол Улсад шударга ёс тогтох цаг ирнэ” хэмээн байр сууриа илэрхийлж байлаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.9.43.23) 2019 оны 03 сарын 12

ЭНЭ 76 -ГИЙН ОРОНД 76 МАЛЧИН СОНГОВОЛ ДЭЭР БАЙХ ШҮҮ

0  |  0
зочин(202.179.31.242) 2019 оны 03 сарын 12

Энэ санаачлагыг ард түмэн дэмжих байх, харин төр барьж байгаа нам болон улс төрийн бусад хүчнүүд ийм хууль байхгүй, хуулийн дагуу сонгууль явуулна гээд л бут цохих байх даа. Тийм учраас хуулиа л өөрчлөх талаар юуны өмнө сайн ажиллах хэрэгтэй дээ.

0  |  0
Top