Спилбергт Стоунхенжийн дэргэд кино зураг авалтын объект барихыг зөвшөөрчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 21

АНУ-ын нэрт найруулагч, продюсер Стивен Спилберг алдарт Стоунхенжийн ойролцоо кино зураг авалтын объект барих зөвшөөрөл авчээ. Тэрбээр Дэлхийн нэгдүгээр дайны тухай кино бүтээж байна гэж Daily Mail сонин мэдээлжээ.

“Америк гоо үзэсгэлэн” киногоороо алдаршсан Сэм Мэндэсийн найруулж буй “1917” киноны зураг авалтад зориулж Солсбери талд Франц маягийн эдлэн газрын хувилбарыг траншейнүүдийн хамтаар барих гэнэ. Стоунхенж байрладаг Уилтшир гүнлэгийн археологи, байгалийн түүхийн нийгэмлэг тус газар геофизикийн судалгаа явуулах шаардлага тавьсны үндсэн дээр тус газар явуулсан судалгаа болон туршилтууд түүхэн болон археологийн үнэт дурсгалуудад ямар нэгэн хохирол учрахгүй гэж баталсны дараа энэхүү зөвшөөрлийг олгосон байна.

Зураг авалтын объект барих ажлыг археологичдын хяналтын дор явуулах гэнэ. Энэ үеэр археологийн олдвор илэрсэн тохиолдолд Уилтширийн музейд шилжүүлэх аж. Киноны зураг авалт ирэх сард эхэлнэ.

Алдарт Стоунхенж Английн Уилтшир гүнлэгийн газар нутаг дээр буюу Лондон хотоос баруун өмнөд зүгт 130 км зайд байрладаг чулуун байгууламж юм. Эл цогцолборыг 4-5 мянган жилийн өмнө барьсан гэж үздэг. 1986 онд Стоунхенжийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top