“Юрийн галавын цэцэрлэг” нь тухайн цаг үедээ шуугиан тарьсан кино. Энэ бүтээл дөрвөн жилийн турш дэлхийд ашиг орлогоороо тэргүүлсэн. Энэ үзүүлэлтээр урд нь зөвхөн “Титаник” ордог. Стивен Спилбергийн “Юрийн галавын цэцэрлэг” тусгай эффектийн хувьд ч том хувьсгал байв. Үүнээс өмнө аймшигт амьтад хэзээ ч тийм жинхэнэ, бодит юм шиг харагдаж байгаагүй. Тус кино олон тооны нэр хүндтэй шагнал авснаас гурван Оскар хүртжээ. Домогт кино энэ сард 30 хүрч байна.
“Юрийн галавын цэцэрлэг” киноны нээлт 1993 оны зургаадугаар сарын 9-нд болж байв. Түүний найруулагч Стивен Спилберг бага наснаасаа үлэг гүрвэлийг сонирхож эхэлсэн ба өсвөр насандаа үлэг гүрвэлийн цуглуулгатай болжээ.
Спилбергийн ярьснаар, киноны найруулагчид Тим Бертон, Ричард Доннер, Жеймс Кэмерон зэрэг хэд хэдэн нэрт найруулагчид өрсөлдөж байв. Спилберг хамгийн сайн сонголт байсан гэж хожим нь Кэмерон хэлсэн нь бий. Майкл Крайтоны романаар кино бүтээх эрхийг дуудлага худалдаагаар оруулж, роман нь хэвлэгдэхээс ч өмнө хоёр сая ам.доллароор тус эрхийг Спилберг худалдан авчээ.
Үлэг гүрвэлүүдийг бүтээсэн нь
Эхэндээ үлэг гүрвэлүүдийн загварыг кадр кадраар амилуулахаар төлөвлөж байсан ч Спилбергт үр дүн нь таалагдсангүй. Амьтдын хөдөлгөөн нь хэтэрхий огцом байснаас гадна болхи байжээ. Тиймээс 1993 оны хувьд хувьсгал хийсэн шийдвэр гаргав. Компьютер график ашиглахаар болсон байна. Зургаан м өндөр, 12 м урт тираннозавр болон бусад үлэг гүрвэлүүдийн загварыг “Харийнхан” киноны харь гарагийн амьтныг бүтээсэн Стэн Уинстон бүтээжээ. CGI эффект дээр “Терминатор-2” киноны график дээр ажиллаж байсан “ILM” компанийн Дэннис Мурен ажиллажээ. “Киноны гол дүр нь үлэг гүрвэлүүд байсан. Хэрэв энэ бүгд бүтэлгүйтсэн бол “Юрийн галавын цэцэрлэг” гарахгүй байсан” гэж Спилберг ярьж байжээ.
Тухайн үед компьютерын хүчин чадал одоогийнхтой харьцуулшгүй байв. Гэхдээ найруулагч азаа сорихоор зориглосон. Аз ч түүнийг ивээжээ. Мурены хөдөлмөрийн үр шимийг хараад найруулагч үнэхээр алмайрсан гэж тус киноны продюсер Кэтлин Кеннеди хожим нь дурсжээ. Тэрбээр “Дэннис над руу залгаж, Спилберг та хоёрт үзүүлэх юм байна. Бид дэлгэцээр гүйх үлэг гүрвэлийн каркасан загварыг хараад огло үсэрцгээсэн. Үнэхээр ер бусын зүйл байсан” хэмээн ярьжээ. Энд Стэн Уинстоны бүтээлийг ч дутуу үнэлэхийн аргагүй. График бол график, харин үлэг гүрвэлийн загваруудыг гайхалтай сайн бүтээсэн. “Трицератопсыг хараад нүдэндээ ч итгээгүй. Сэм Нил бид хоёр алмайрч орхисон. Кинон дээр гардаг шиг Сэм бид хоёр үлэг гүрвэлийн хэвлийг тонгойн харахад үнэхээр дээш, доош хөдөлж байгаа мэт санагдсан” хэмээн жүжигчин Лора Дерн дурсжээ.
Стэны “хүүхэлдэйнүүд” амьсгалж байсан. Тэдэнд хүрэхэд өөрийн эрхгүй сэтгэл хөдөлж байсан хэмээн Сэм Нил ярьж байжээ.
Кино зураг авалт гол төлөв Хавайн арлуудын Кауаи арал дээр болон Калирфонид 1920 оны наймдугаар сарын 24-өөс арваннэгдүгээр сарын 30-ны хооронд үргэлжилжээ. Тэр жилийн есдүгээр сард Хавайн арлуудыг Иники хар салхи дайран өнгөрч, олон мянган хүнийг орон гэргүй болгосон. Тиймээс зураг авалтын баг Кауаи арлыг орхин явахаас өөр аргагүйд хүрч, Оаху арал дээр ажиллажээ. Тэнд тираннозавр галламимусыг идэж буй хэсгийг авсан байна.
Сонирхуулахад, “Юрийн галавын цэцэрлэг”-ийн хамгийн том махчин үлэг гүрвэлийн зураг авалтын үед багагүй хүндрэл гарчээ. Тираннозаврыг бороотойд авах үед зургаан тонн жинтэй загварын арьсыг поролоноор хийсэн байсан тул ус ихээр шингээж, хөдөлгөөн нь чичирхийлж эхэлсэн байна. Тиймээс зураг авалтын баг маш их алчуур худалдан авч, хатаах арга хэмжээ авч байжээ. Үлэг гүрвэл машины цонх хагалахад шүд нь унасан гэнэ. Хэрэв киноны энэ хэсэгт зогсоож, харах юм бол соёных нь нэг байхгүй болсон нь харагддаг байна.
Тираннозавраас гадна велоцираптор гэх жижиг биетэй, хурдан шаламгай үлэг гүрвэлүүд үзэгчдийн сонирхлыг зүй ёсоор татдаг. Спилбергийн кинонд энэ махчин үлэг гүрвэлийг хүнтэй харьцуулахад харьцангуй том биетэй, түргэн хөдөлгөөнтэй, маш аюултай амьтнаар дүрсэлдэг. Гэвч энд хэд хэдэн алдаа гаргасан гэдгээ найруулагч хүлээн зөвшөөрдөг. Жинхэнэ велицирапторууд нь хагас метр өндөр өдөөр бүрхсэн үлэг гүрвэл байсан ба хожуу цэрдийн галавын үед амьдарч байжээ. Үүнээс гадна брахиозавр кинонд гардаг шиг арын хоёр хөл дээрээ босож зогсдоггүй байсан бол кинонд гардаг шиг дуугардаг байсан нь ч эргэлзээтэй гэнэ.
Шүүмжлэл ба үргэлжлэл
Энэ мэт алдаа байсан ч тус кино шуугиан тарьсан. Гайхалтай тусгай эффект, жүжигчид, Спилбергийн найруулга гайхамшгийг бүтээж чаджээ. Ингэхдээ зураг авалтыг хуваариас 12 хоногийн өмнө дуусгаж, төсөвтөө багтааж чадсан. Найруулагч Спилберг пост продакшн ч хийлгүйгээр шууд л дараагийн бүтээл болох “Шиндлерийн бүртгэл”-ийн зураг авалтад оржээ.
“Юрийн галавын цэцэрлэг”-ийг бүтээх ажлыг дуусгах үүрэг кино урлагийн бас нэг домог болох Жорж Лукаст оногджээ. Спилберг түүнийг хамгийн сайн найз хэмээн нэрлэдэг. Лукаст дууны эффектийг монтажлах ажлыг удирдах үүрэг оногдсон байна. Үүний дүнд “Юрийн галавын цэцэрлэг”-т хүртээсэн гурван Оскарын хоёрыг нь шилдэг дуу, шилдэг дууны монтажаар авсан. Гурав дахь Оскарыг шилдэг тусгай эффектийн төлөө хүртсэн билээ.
Кино янз бүрийн шүүмж дагуулсан. Ихэнх нь тусгай эффектийг нь магтан сайшааж байсан бол зарим нь Спилбергийг хүүхдүүдэд ийм харгис, цус асгарсан үйл явдал үзүүлэхэд хэт эрт хэмээн шүүмжилж байв.
Гэсэн хэдий ч кино бүтээл дэлхий даяар алдаршсан. Спилбергийн өмнөх дээд амжилтуудыг эвдэж, бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кинонуудын нэг болов. “Юрийн галавын цэцэрлэг” нэг тэрбум гаруй ам.долларын орлого олжээ. Энэ дээд амжилтыг дөрвөн жилийн дараа Кэмероны “Титаник” эвдэнэ.
1997 онд Спилберг үлэг гүрвэлүүдийг дахин амилуулж, “Юрийн галавын цэцэрлэг: Алдагдсан ертөнц” үргэлжлэлийг гаргасан. Тус кино мөн л амжилттай болж, их хэмжээний ашиг орлого олсон ч эхний бүтээлийг гүйцээгүй. “Юрийн галавын цэцэрлэг 3” киног “Жуманжи”-г найруулсан Жо Жонстон найруулж, Стивен Спилберг продюсероор ажилласан. Харин гол дүрд Крис Пратт үргэлжлүүлэн тогложээ. Сонирхолтой нь Праттын тоглосон кино бүр нэг тэрбумыг давсан орлого авчирсан.
Алдарт киноны дараа дараагийн анги дэлхий дахиныг эхний анги шигээ шуугиулаагүй. Учир нь үзэгчид CGI графикт дасал болсон байв. Зурсан үлэг гүрвэлүүд 2015-2022 оны үзэгчдийг гайхшируулахаа больжээ. Харин “Юрийн галавын цэцэрлэг” эх хувилбар тухайн цаг үедээ техникийн шийдэл, амжилтаараа дэлхийг байлдан дагуулж чадсан бүтээл байв.
Сэтгэгдэл ( 0 )