УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхын хэлэлцүүлгийг хийж байна.
Ш.РАДНААСЭД: ЭРҮҮДЭН ШҮҮСЭН БИЧЛЭГИЙГ ЗУРАГТААР ҮЗҮҮЛМЭЭР БАЙНА
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч, байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг хэзээ олон нийтэд үзүүлэх вэ?” хэмээн асуув.
Үүнд, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд “Байнгын хорооны хуралдаанд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрүүдэн шүүсэн гэх видеог үзүүлэхэд бэлэн байна" гэхэд байнгын хорооны гишүүд чуулганы хуралдаанаар үзье гэж тохирсон. Үүнийг чуулганаар үзэх боломжтой. Цаашлаад зурагтаар үзүүлмээр байгаа юм. Дахиж эрүүдэн шүүж ял тулгадаг байдал гаргуулахгүйн тулд зурагтаар гаргах нь зүйтэй” гэв.
УИХ-ЫН ГИШҮҮН О.БААСАНХҮҮ: ЭРҮҮДЭН ШҮҮХ ҮЙЛДЛИЙГ ЯМАР Ч ХҮН ДЭМЖИХГҮЙ
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрүүдэн шүүх үйлдлийг ямар ч хүн дэмжихгүй л дээ. Үүнийг таслан зогсоох нь зөв. Эрүүн шүүхийг гүйцэтгэсэн, оролцсон гэж хоёр ангилах хэрэгтэй. С.Зориг агсны хэргээс гадна шүүгч амь насаа алдсан явдалд би эрүүдэн шүүх ажиллагаа болсон уу гэж үзээд байгаа. Амиа хорлохоос хамгаалж, хянадаг газарт хүн амиа хорлож байгаа нь аймшигтай. Эрүүдэн шүүсэн хангалттай үндэслэлээр ҮАБЗ зөвлөмж гаргана гэж төсөлд тусгажээ. Хангалттай үндэслэл гэж юуг хэлэх вэ” хэмээн асуухад УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 7 үндэслэлээр шүүгчийг түдгэлзүүлдэг. Дээр нь 8 үндэслэл болгож ҮАБЗ зөвлөмж гаргасан бол түдгэлзүүлэхээр зааж байгаа. Үндсэн хуульд шүүхээс гэм буруутай нь тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн байдаг” хэмээн хариулав.
Ж.БАТЗАНДАН: МАНАН МАФИЙНХАН САНДАРЧ БАЙНА ГЭДЭГ НЬ ХУУЛЬ САЙН БОЛСНЫГ ИЛТГЭНЭ
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Энэ хууль зөвхөн С.Зориг агсны хэргийг эрүүдэн шүүсэн асуудалд үйлчлэх хууль болон хувирч байна. Үүнийг эрх баригч намын нөхдүүд мэдэж байгаа байх. Ер нь С.Зориг агсныг хэргийг эрүүдэн шүүсэн нь манай шүүх засаглалын гажуудлын нэгхэн илрэл. Асар их гажуудал, завхрал байгаа. Үүнийг эргэцүүлж бодоорой. Өнөөдөр олон хүн сандарч байна. Ц.Элбэгдорж сандарч байна. С.Зоригийн хэргийг ганцхан хүн харсан. Тэр нь С.Зориг гэж хэлж байна. Манай С.Эрдэнэ сандарч байна. Төрийн эргэлт хийх гэж байна гэж Төрийн ордныг балбаад эхэллээ. Төрийн эрхийг авах гэсэн хүн алга. С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат дарга аа, зөвөөр ойлгоорой. Тэгэхээр МАНАН мафийнхан сандарч байна гэдэг нь энэ хууль маш сайн болсныг илтгэж байна.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу Ерөнхийлөгчийн зүгээс өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг гишүүдийн олонхийн саналаар дэмжиж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Одоо Хууль зүйн байнгын хороо хуралдах хугацаанд чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлаж, С.Зоригийн хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх гэж байна.
УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр /2019.03.27/ хаах учир цаг хэмнэх үүднээс дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууссаны дараа буюу эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх хооронд С.Зоригийн хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн бичлэгийг гишүүдэд үзүүлэхээр тогтсон юм. Бичлэгийг А зааланд үзүүлнэ.
Нэмэлт мэдээ: 18:50 цаг
УИХ-ын чуулганы хуралдаан түр завсарлаж, гишүүд С.Зоригийн хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг үзэхээр А танхим руу орж байна.
Гишүүд бичлэг үзсэний дараа Хууль зүйн байнгын хороо хуралдана. Дараа нь чуулганы хуралдааныг үргэлжлүүлэх ба хэлэлцэх асуудлаа дуусган, өнөөдөртөө багтаан Ээлжит бус чуулганыг хаахаар товлоод байна.
Нэмэлт мэдээ: 19:25 цаг
Гишүүд А танхимд бичлэг үзээд гарч ирлээ.
Сэтгэгдэл ( 1 )
раднаасэд гишүүнд үнэхээр баярлаж байна