УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдах магадлал байна. УИХ-ын Байнгын хороодын ажилтнууд парламентын гишүүд рүү холбогдож хаана явааг нь бүртгэж, хуралдуулах болбол ирц ямар байх талаар санаа тавьж байгаагаас ч харсан, улс төрийн намуудын хийж байгаа мэдэгдлүүдээс ч бодсон улам батлагдаад байна л даа. УИХ-ын тухай хуулийн 15.1-т “Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-ний өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 10-ны хооронд, хаврын ээлжит чуулган дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс мөн оны долдугаар сарын 1-ний хооронд тус тус хуралдана.
Хэрэв ээлжит чуулганыг нээх, хаах өдрүүд амралт, баяр ёслолын өдөртэй давхацвал ажлын дараагийн өдөр тус тус нээж, хаана” гэсэн байдаг. Энэ жилийн хаврын ээлжит чуулган нээх өдөр ням гарагт таарч байгаа болохоор дөрөвдүгээр сарын 6-ны даваа гарагт болох ёстой. Үндсэндээ гурван долоо хоног дутуу байна. Гэвч шинэ коронавирусний халдвар Европын орнуудад эрчтэй тархаж, Зүүн өмнөд Азийн орнуудад идэвхжсэн хэвээр байгаа нь УИХ-ын ээлжит бус чуулганыг хугацаанаас нь өмнө хуралдуулах шаардлага үүсгэж байгаа бололтой. Өчигдөр Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагийн дотор шинээр 11 оронд шинэ коронавирусний анхны тохиолдол бүртгэгдэж, дэлхийн 150 улсад тархлаа” гэж мэдэгдсэн. Манай улсын хувьд Франц улсын иргэнээс коронавирусний анхны тохиолдол бүртгэгдсэнээс өөр тохиолдолгүй нам жим байна. Энэ өвчин манай улсад дэгдэхгүй байх нь бидний гол зорилго мөн. Үүнээс гадна коронавирусний халдвараас шалтгаалж дэлхий дахин тэр чигээрээ эдийн засгийн шинэ сорилтын өмнө оччихоод байгаа юм. Хоёр хөршөөр тусгаарлагдсан, ялангуяа Хятад улсаас бараа таваар, эдийн засгийн хувьд бараг бүрэн хамааралтай манай улсын хувьд өвчний халдвар намжсаны дараа хэдэн сар жилээр үргэлжлэх эдийн засгийн тогтворгүй байдалд бэлэн байх ёстойг эдийн засагчид хэлэх боллоо. Гадаадын томоохон судалгааны байгууллагуудын гаргасан мэдээлэлд ч тэгж дурдсан байна. Тийм болохоор улс орны хувь заяаг хойшид хэрхэх, наад зах нь төсөвтөө тодотгол хийх шаардлага үүсэх эсэх, УИХ-аар эдийн засгийн нөхцөл байдлыг сонсох асуудлыг яаравчлуулах нь алгуурлах аргагүй ажил болсон болов уу.
Нэгэнт байдал иймд хүрсэн болохоор шил шилээ дагасан үйл явдал өрнөж байна. Тухайлбал, өчигдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл цахимаар хуралдаж, цаашид энэ хэлбэрээр хуралдах техникийн боломж, цаг үеийн асуудлаар ярилцаад авлаа. Харин цахим хэлбэрээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах нь зүйтэй боловч чуулганы хуралдааныг ингэж явуулах нь УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийг зөрчих юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн бололтой.
Улмаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдөр 16:00 цагт хуралдаан зарлаж коронавирусний халдвараас шалтгаалж эдийн засгийн ямар үр дагавар гарах талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонссон. Үүний зэрэгцээ дээр дурдсанчлан УИХ-ын ажлын албанаас Байнгын хороод руугаа үүрэг өгч хуралдаан зохион байгуулах болбол парламентын гишүүд бэлэн байгаа эсэх ирцийн мэдээлэл бүрдүүлж эхлэв. Мэдээж, сонгуулийн жил улс төрийн намуудын үйл ажиллагаа эрчимжиж аль болох олны өмнө байхыг эрхэмлэдэг. Тэр дагуу ээлжит бус чуулган хуралдаж болзошгүй мэдээллүүд хөврөхтэй зэрэгцээд УИХ дахь намын зөвлөлүүд ч үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Өчигдөр гэхэд УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийж эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн хуулийн төслүүд санаачилсанаа мэдэгдлээ. Уг хуулиуд дунд гурван хувийн хүүтэй зээл олгох асуудал ч багтаж байгаа аж. Гол нь энэ санаачилсан арга хэмжээнүүд нь шинэ коронавирусний тархалттай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын үед жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хохирлыг зохицуулахад чиглэж байгаа гэнэ. Тус намын ер нь сүүлийн сар орчмын хугацаанд эдийн засгийн асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах, УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах асуудлаар шаардлага хүргүүлж байгаа. Түүнчлэн өчигдөр УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс мэдээлэл хийж эдийн засгийн асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардав. ХҮН-аас бас мэдээлэл хийж эдийн засгийн төлөвлөгөө гаргахыг шаардаж байгаа харагдсан.
УИХ-ын тухай хуулийн 16.2-т “Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар хуралдуулна”, 16.3-т “Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ”, 16.4-т “Улсын Их Хурлын дарга ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудал, хуралдах өдөр, цаг, үргэлжлэх хугацааг товлон захирамж гаргана”, 16.5-д “Ээлжит бус чуулганаар зөвхөн Улсын Их Хурлын даргын захирамжид заасан болон түүнтэй шууд холбоотой асуудлыг хэлэлцэнэ” гэсэн байдаг. Шинэ коронавирусний халдварын нөлөөгөөр нүүрсний нэгдүгээр улирлын орлого тасалдсан тухай, Оюутолгойн далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшлох болсон талаар, ирэх жилийн аялал жуулчлал буурах, экспорт, импорт тасалдаж магадгүй гээд сөрөг мэдээ цуварч байна. Ийм үед ээлжит бус чуулганаа хуралдуулаад нөхцөл байдлаа ядаж сонсоод авах нь зөв байх аа. Дээрээсээ ээлжит бус чуулган хуралдуулах асуудлыг анхаарах хэрээр доогуур нам хөдөлгөөнүүд идэвхжиж байна. Хүлээвэл гуравхан долоо хоногийн дараа ээлжит чуулган хуралдана. Гэхдээ байдал үнэхээр хүнд байгаа бол Үндсэн хуульд заасан төрийн эрх барих дээд байгууллагын хувьд УИХ хуралдах нь зүйтэй. Төлөөллийн ардчилалтай оронд асуудал ийм л дамжлагаар явдаг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Худлаа мэдээлэл цацлагаа боливол таарна