Товлосон хугацаанаас өмнө завсарлуулсан ээлжит бус чуулган хуралдсан өдөр бүхэн дуулиантай байлаа. УИХ-ын дарга захирамж гаргаснаар энэ сарын 18-28-ны хооронд ээлжит бусаар чуулахаар байсан ч товлосон хугацаанаасаа нэг хоногийн өмнө хаасан юм.
Тун шахуу хөтөлбөртэй буюу шөнө дөл хүртэл хуралдсан учраас УИХ ийнхүү хугацаа хожсон талтай. Харин энэ удаагийн чуулган ямар үр дүнтэй ажиллав?
Чуулганы эхэнд олон нийтийн дунд хүлээлттэй байсан алтны татварыг шинэчлэн тогтоох буюу Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай, тендер сонгон шалгаруулалтыг цэгцлэх тухай буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай. Хувь хүний болон Аж ахуйн нэгжийн онцгой албан татварт өөрчлөлт оруулах буюу Татварын багц хуулийг шинэчлэн баталсан. Хэдийгээр хэлэлцүүлгийн явцад дээрх хуулиудад оруулах зарим заалтыг олон нийт шүүмжилж, маргаан дагуулж байсан ч эцсийн мөчид эерэг талдаа шийдсэнийг онцолъё.
Эдгээрээс гадна Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хууль, хүчний зарим байгууллагын удирдлагыг томилж, чөлөөлөх асуудлыг хүслээр нь болгов. Тодруулбал, ЗХЖШ-ын даргад А.Ганбатыг төрийн тэргүүн санал болгосны дагуу энэ сарын 22-нд баталж, үүрэгт ажилд нь оруулсан. Харин улсын ерөнхий прокурор болон АТГ-ын удирдлагуудыг хэрхэн солих тухай асуудал багагүй маргаан мэтгэлцээн дагуулж, олон нийтийн дунд талцал хуваагдал үүсгээд амжсан юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Ээлжит бус чуулганы явцад иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн 10 мянган өрхийн орон сууц барьж, гэр хорооллын 100 га талбайг холимог ашиглалт бүхий нийтийн эзэмшлийн зам, талбай болон ногоон байгууламж болгох. Улаанбаатар-Дарханы чиглэлийн хатуу хучилттай автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчлэхэд шаардлагатай зээлийн болон санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр, хэлэлцээрүүдийг зөвшилцөж, энэ чиглэлээр хүлээгдэж байгаа ажлаа түргэтгэх боломжийг Засгийн газарт олголоо. Цаашид иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, бүтээн байгуулалтыг дэмжих аливаа асуудлыг эн тэргүүнд, хугацаа алдалгүй шийдвэрлэх зарчмыг УИХ чанд мөрдөх болно” хэмээн онцолсон.
ҮАБЗ ШҮҮХ, ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГУУДЫГ СОЛИНО
Ээлжит бус чуулганы сүүлчийн өдрүүдэд Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн шүүх, хяналтын байгууллагын удирдлагуудыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлдөг болох асуудлыг хэлэлцсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах замаар ҮАБЗ-ийн гурван гишүүний саналаар улсын ерөнхий прокурор, шүүх, АТГ-ын даргыг томилж, чөлөөлдөг байх хуулийн төсөл УИХ-д удтал маргаан дагуулсан. Учир нь “Аливаа асуудлыг шийдэхийн тулд өнөөгийн хуулийн хүрээнд болохгүй буюу хана мөргөвөл хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эс бөгөөд шинээр хуулийн төсөл санаачлах замаар шийдэлд хүрч байгаа нь маш буруу. Өөрөөр хэлбэл, ингэж шинээр хууль батлах, таалалдаа нийцүүлж өөрчлөх зэрэг нь эргээд Үндсэн хуульдаа халдсан явдал болно. Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэхээс аргагүй учраас төр засгийн удирдлага, хууль тогтоох байгууллагын зүгээс хуулиа зөрчөөд байж болохгүй” гэж шүүмжлэх хүн олон байлаа.
Ийнхүү дан ганц хуульчид биш төр засагт өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд, олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй хандаж байсан ч эцсийн мөчид бүх зүйл Ерөнхийлөгч Х.Баттулгын тааллаар болов. Тодруулбал, УИХ-ын чуулганы лхагва гарагийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Авлигын эсрэг, Прокурорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг бүхэлд нь баталсан.
Үүний тулд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насанд халдсан гурван хүнд ял оноосон нь эрүүдэн шүүлт байсан гэж зарласан төдийгүй лхагва гарагийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүдэд эрүүдэн шүүсэн гэх 26 минутын бичлэгийг үзүүлсэн нь ээлжит бус чуулганыг “том сэдвүүд”-ийн нэг байлаа.
ТАТВАРЫН ӨРИЙГ ҮР ХҮҮДЭД НЬ ӨВЛҮҮЛЭХГҮЙ
Татварын багц хуулийн хэлэлцүүлгийн үеэр аливаа өр, зээлтэй хүн нас барвал түүний хамаарал бүхий этгээдээр төлүүлэх тухай заалт оруулж ирсэн нь ихээхэн шүүмжлэл дагуулсан. Гэвч энэ заалт нь манай улсын Татварын хуульд 20 гаруй жил хүчин төгөлдөр байсан бөгөөд дээрх заалтыг иргэдэд эерэг байдлаар шийдсэн гэх гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцолсон. Түүний хэлснээр “Нас барсан буюу нас барсанд тооцсон хувь хүний татвар төлөх үүрэг, түүнтэй холбогдох эрх өв залгамжлагчдад шилжинэ” гэх заалт одоогийн мөрдөж буй хуульд байжээ. Гэтэл Иргэний хуульд, өвлөгч өвлөн авсан өрийн хэмжээгээр өвлүүлэгчийн үүргийг хүлээлнэ гэж заасан байдаг байна. Ээлжит бус чуулганаар баталсан Татварын багц хуульд, татварын өр буюу хариуцлагын асуудлыг үр хүүдэд нь өвлүүлэхгүй гэж үзээд одоо мөрдөж байгаа заалтыг илүү тодорхой болгожээ. Ингэхдээ нас барсан болон нас барсанд тооцсон хувь хүний төлөх өрийг түүнтэй холбоотой өв залгамжлагчдад үүссэн хөрөнгөд ногдох хэмжээгээр шилжүүлэх бөгөөд үүнд татварын торгууль хамаарахгүй гэж заажээ.
Түүнчлэн гадаадын болон харьяалалгүй иргэн татварын өрөө төлж дуустал хилээр үл нэвтрүүлэхээр эрх бүхий байгууллагад хандах эрхтэй гэж заажээ. Ингэхдээ хоёр нөхцөлийг давхар биелүүлэх ёстой. Татварын өртэй этгээд өрөө барагдуулах хөрөнгө байхгүй, бусдаас авах авлагагүй бол, нөгөө нь нийт өрийн хэмжээ 20 сая хүрсэн бол хэмээн нөхцөлийг нь зааж өгсөн байна.
Мөн Улаанбаатар хотоос 500 км-ээс дээш алслагдсан аймаг, сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, хувь хүний төлсөн татварыг 50 хувиар хөнгөлөхөөр болсон. Ингэхдээ 1000 км-ээс дээш алслагдсан зайд ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэний татварыг 90 хувь хөнгөлөх заалтыг оруулжээ. Сангийн яамны тооцоогоор 50 хувийн татварын хөнгөлөлтөд 11600 иргэн, 141 аж ахуйн нэгж хамаардаг байна. Харин 90 хувийн хөнгөлөлтөд 8268 иргэн, 55 аж ахуйн нэгж хамаарахаар байгаа аж. Харин үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тэжээлийн ургамал, модны суулгац зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн тухайн бүтээгдэхүүнээс олсон орлогод ногдох татварыг 50 хувь хөнгөлөхөөр болжээ.
АЛТНЫ ТАТВАРЫГ 5 ХУВЬ БОЛГОВ
Төр чанаргүй бараа худалдан авдаг, тендер шалгаруулалт нь албан тушаалтнуудын эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах. Авлига авах эх булаг болсон гэх шүүмжлэл бий болоод удаж байна. Цаашлаад тендер тойрсон маргаан хугацаагүй үргэлжилдэг, үүнээс үүдэлтэйгээр тухайн онд төсвийн хөрөнгөөр барьж гүйцэтгэх бүтээн байгуулалтын ажил хойшилдог байдал нэгэнт тогтсон гэхэд хилс болохгүй. Тэгвэл ийм байдлыг халах үүднээс төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай буюу Тендерийн хуулийг өөрчлөн баталлаа.
Ингэснээр дотоодын үйлдвэрээс худалдан авах боломжтой барааг импортын бараанаас тусад нь багцлах, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой бол худалдан авах ажиллагаанд гадаадын этгээдийг оруулахыг хориглож, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болохуйц эх оронч худалдан авалтыг дэмжих хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
Түүнчлэн төрийн яамд тендер зарлаж, үндсэн ажил нь цалгарддаг байдлыг болиулах үүднээс Худалдан авах ажиллагааны агентлагтай болох боломжийг хуулиар бий болгосон. Өөрөөр хэлбэл, уг агентлагийг Засгийн газрын харьяанд байгуулах бөгөөд төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахтай холбоотой бүх ажлыг нэгтгэх боломжийг бүрдүүлээд байна. Уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг ирэх зургаадугаар сарын 1-нээс мөрдөж эхэлнэ, үүнтэй зэрэгцээд Худалдан авах ажиллагааны агентлаг үйл ажиллагаагаа эхлүүлэх юм.
Ээлжит бус чуулганаар баталсан дараагийн нэг хууль нь Ашигт малмталын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт. Алтанд ногдуулах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн 2.5 хувиар тогтоон мөрдүүлж байсан ч хуулийн зохицуулалтыг дагаж мөрдөх хугацаа дуусгавар болоод байсан. Үүнтэй холбоотойгоор алтны салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд УИХ-аас гарах шийдвэрийг хүлээж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурах, энэ нь валютын нөөц болон төгрөгийн ханш буурах сөрөг үр дагаварт хүргэх нөхцөлийг үүсгээд байсан юм. Тиймээс УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг өөрчлөн баталсан.
Энэхүү хуулиар алтанд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тав, нэмэлт төлбөрийн хэмжээг тэг байхаар зохицуулсан. Уг хуулийг баталснаар алт олборлогчдын үйл ажиллагаанд таагүй байдал үүсэх, тушаах алтны хэмжээ буурах сөрөг нөлөө гарахгүй гэж үзэж байгаа юм. Ийнхүү ес хоногийн хугацаанд хуралдсан ээлжит бус чуулганаар шийдлээ хүлээсэн цөөнгүй хуулийг өөрчлөн баталсан бол хууль шүүхийн байгууллагатай холбоотой зарим өөрчлөлтийг орууллаа.
Сэтгэгдэл ( 0 )