УИХ-ын ээлжит бус чуулган ХААЛТАА ХИЙЛЭЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталснаар УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөлөө (2019.03.27).

УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж хэлсэн үгэндээ хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж, тавьсан зорилтоо биелүүлж, шахуу хөтөлбөртэйгөөр хуралдсан УИХ-ын гишүүдэд талархал илэрхийлээд, “Ээлжит бус чуулган товлосон хугацаанаасаа өмнө өндөрлөж байна. Ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийг баталлаа. Татварын хууль Монгол Улсыг олон улсын бизнесийн талбарт өрсөлдөхүйц байх, татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж ажиллалаа. Тендерийн хуудууг хуулийн хүрээнд хязгаарлах зорилгоор Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт орууллаа. Төр чанаргүй бараа худалдан авдаг гэх яриа, тендер тойрсон маргааны асуудлыг энэ хууль зохицуулах юм.

Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ хуулиар алтны татварыг 5 хувиар тогтоолоо. 2018 онд тушааж байсан 22 тонн алтны хэмжээг ахиулж амжилт гаргахыг алтны салбарт ажиллагсаддаа хүсье.

УИХ-аас албан тушаалтны томилгоог хийж, Ерөнхийлөгчийн саналын дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар А.Ганбатыг томилох асуудлыг зөвшилцөн шийдвэрлэв.

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа. Үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа хууль, шүүхийн байгууллагад итгэх итгэлийг сэргээхэд энэ хууль чиглэнэ.

Эрхэм гишүүд ээ, ээлжит бус чуулган өндөрлөж байгаа ч ээлжит чуулган хэдхэн хоногийн дараа эхэлнэ. Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлээд хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай олон чухал хууль биднийг хүлээж байна.

Төрийн алба, хууль тогтоох байгууллагад шинэчлэл хийх, хууль дээдэлдэг, иргэнээ дээдэлдэг тогтолцоог та бидний хамтын чармайлтаар бий болгож чадна.

УИХ-ын ээлжит бус чуулган өндөрлөснийг мэдэгдье” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top