Дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэг нь МОНГОЛ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 03

-MANDKHAI брэндийг үүсгэн байгуулагч Ж.Мандхай дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр нэрлэгдлээ-

Дэлхийг хэн удирдаж байна вэ? Тheculturetrip.com-ын гаргасан 2019 онд дэлхийг өөрчилж буй долоон эмэгтэйн нэгээр монгол дизайнер бүсгүй нэрлэгджээ. Хийж буй ажил, бизнес, бүтээгдэхүүнүүд нь дэлхийн эмэгтэйчүүдэд эерэг нөлөө үзүүлж буй бүсгүйчүүдийн тоонд орсон Жаргалсайханы Мандхайн “Mandkhai cashmere”-ийн ноолууран хувцаснуудыг алдартай моделиуд, бизнес хатагтай нар, Холливудын одод өмсдөг. Ж.Мандхай нь "Буян" компанийг үүсгэн байгуулагч Б.Жаргалсайханы охин юм. Тэрбээр аавынхаа бизнесийг өвлөж, өөрийн MANDKHAI брэндийг үүсгэн байгуулан, амжилттай ажиллаж байна.

Нийгэм төдийгүй дэлхийн эмэгтэйчүүдэд эерэг нөлөө үзүүлж буй хамгийн нөлөө бүхий долоон эмэгтэйг танилцуулъя.

Рип Жемийсон, “The Dots” сүлжээг үндэслэгч

Лондон, Их Британи

Лондон хотын бүтээлч захирлуудын 12 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол хар арьстан, Ази, үндэсний цөөнхийн төлөөлөл болсон эмэгтэйчүүд хоёр хүрэхгүй хувийг эзэлж байна. Энтрепренер Рип Жемийсон CV-гээс илүүтэй бүтээлч төслөөр ажил олгогч, ажилтнуудыг холбох мэргэжлийн “The Dots” сүлжээг үндэслэсэн.

Энэхүү платформ нь нуугдмал авьяасыг илрүүлэх зорилготой бөгөөд ажилд авах шийдвэрт шударга бус нөлөө үзүүлдэг ажил хайгчийн нэр, гэрэл зураг, боловсрол зэрэг хувийн мэдээлэлгүйгээр шийдвэр гаргах боломжийг менежерүүдэд олгодог байна. “Тодорхой хүмүүсийг дэмжих бус харин оролцоотой баг бүрдүүлэх нь хамгийн чухал” гэж Жемийсон ярьдаг. “Хүмүүсийг хүйс, арьс өнгө, ямар их сургууль төгссөн гэдгээр нь бус харин юу хийж чадах вэ гэдгээр нь дүгнэх ёстой. Хэрэв чи хүн болгонд зориулж ямар нэгэн бүтээгдэхүүн хийхийг хүсч байгаа бол нийгмийг бүхэлд нь илэрхийлэх баг хэрэгтэй” гэж тэрбээр онцолжээ.

Мину Вадера, Энтрепренер, “Women on Wheels”-ийн үндэслэгч

Шинэ Дэли, Энэтхэг

30 гаруй жилийн турш эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж буй Мину Вадера 2008 онд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан такси үйлчилгээг Дэли хотод нэвтрүүлжээ. Дэли төдийгүй Энэтхэг улсад эмэгтэйчүүдийн аюулгүй байдал хурцаар тавигддаг. Статистик мэдээлэл 2018 онд тус улсын нийслэлд өдөр дунджаар таван эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг харуулжээ. Судалгаанаас үзвэл 2015-2016 онд таван хүчингийн хэрэг тутмын хоёрыг нь нуун дарагдуулдаг байна.

Энэтхэгт амьдарч, аялж буй эмэгтэйчүүдийг аюулгүй тээврээр хангахаас гадна Вадера Women on Wheels платформ ашиглан амьдралын нөхцөлөө сайжруулах боломжгүй, эрх нь зөрчигддөг эмэгтэйчүүдэд ажлын байртай болох боломж олгодог. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр 1994-2012 оны хооронд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин 35.8 хувиас 20.2 хувь хүртэл буурчээ. Women on Wheels одоогийн байдлаар 600 гаруй эмэгтэйг ажлын байраар хангаж, бизнесээ Жайпур, Кольката, Ахмедабад, Бангэлор зэрэг хотуудад өргөжүүлжээ. 2019 онд тэрбээр Энэтхэгийн бусад хотуудад энэ санаагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Коррина Энтробас, “Bechdel Test Fest”-ийн үндэслэгч

Лондон, Их Британи

Интернетэд #MeToo, #TimesUp хаштаг дэлгэрч, киноны ертөнц дэх эмэгтэйчүүдийн талаарх бодлыг үндсээр нь өөрчлөхөөс өмнө Коррина энэ салбар дахь хүйсийн тэгш байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх талаар бодит ажлууд хийж эхэлжээ.

Чөлөөт сэтгүүлч, харилцаа холбооны менежер тэрбээр “Bechdel Test Fest”-ийг 2014 онд байгуулж, дэлгэцэнд бие даасан эмэгтэйчүүдийг онцолж буй бүтээлүүдийг тодруулдаг болсон. Элисон Бечделийн кинон дахь эмэгтэйчүүдийн төлөөллийг үнэлдэг Bechdel test гурван шалгуур тавьдаг. 2017 онд хийсэн судалгаанаас үзвэл Холивудын бүтээлүүдийн 40 гаруй хувь нь эдгээр шалгуурыг давж чадаагүй бол шалгуур давсан кинонууд ашиг орлогоороо тэргүүлсэн байна.

Эйлбе Смит, Наймдугаар нэмэлт өөрчлөлтийг хасах эвслийн удирдагч

Дублин, Ирланд

Үнэхээр гайхалтай. Хамгийн түрүүнд миний сэтгэл амгалан, тайван боллоо... Хэдийгээр энэ нь Эйлбе Смитийн хэлсэн үг боловч Ирландын Үндсэн хуульд оруулсан Наймдугаар нэмэлт өөрчлөлтийг албан ёсоор цуцласан 2018 оны тавдугаар сарын 26-ны тэр өдөр олон мянган эмэгтэйчүүдийн мэдэрсэн мэдрэмжийн цуурай юм. Католик сүмийн асар их нөлөөний эсрэг, эмэгтэйчүүдийн сонгох эрхийн төлөөх урт хугацааны хатуу тэмцлийн үрээр хүрсэн амжилтаа тэмдэглэхээр Дублины цайзын өмнө олон мянган эмэгтэйчүүд цугласан юм.

Наймдугаар нэмэлт, өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн нөхөн үржих сонголт хийх эрхийг хасч, үр хөндөлт хийхийг хуулиар хориглосон юм. 2012 онд үр хөндүүлэх зөвшөөрөл авч чадаагүй нэгэн жирэмсэн эмэгтэй ургийн гажиг хөгжлөөс болж амиа алдсаны дараа эл нэмэлт өөрчлөлтийн эсрэг хөдөлгөөн үндэсний хэмжээнд хүрчээ. Наймдугаар гэх тодотголтой нэмэлт, өөрчлөлтийн эсрэг эвсэл байгуулж, олон жил тэмцсэний үр дүнд бүх нийтийн санал асуулга явуулж, иргэдийн гуравны хоёр нь түүний санаачилгыг дэмжсэн. Ирландын эмэгтэйчүүдийн төлөө байгуулсан түүхэн ялалтын дараа ч Смит гараа хумхиж, зүгээр суухыг хүсээгүй юм. Тэр 2019 онд үр хөндөлтийг өнөө хэр хориглосон хэвээр буй Хойд Ирландын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үргэлжлүүлэн тэмцэхээр зориг шулууджээ.

Назин Балоч, Кино найруулагч

Лайари хот, Пакистан

Назин Балоч Пакистаны хамгийн том хот болох Карачид “Лайари: Ханагүй шорон” богино хэмжээний киногоо толилуулж байна. Кинонд сэтгэлээр унасан эцэг, хөлбөмбөгөөр амьсгалсан хүү хоёр гэр бүлээ үгүй хийж буй талаар өгүүлдэг. Лайари хэмээх жижиг хотод зураг авалтыг нь хийсэн кино хэдийгээр олон шагналын эзэн болсон ч Балочийн шийдэмгий шулуун үзэл санаа, тэмүүлэл түүнд илүү их алдар нэр авчирсан.

Кино ертөнц дэх эмэгтэйчүүдийн талаар баримталж буй түүний байр суурь Пакистаны кино ертөнц дэх чухал дуу хоолой болжээ. Тэрбээр эрэгтэйчүүд давамгайлсан энэ салбарт өөрийн байр сууриаг эзэлсэн төдийгүй бусад эмэгтэйчүүдэд боломж олгохыг хүсдэг. Назин Балоч 2019 онд хэд хэдэн төсөл дээр ажиллаж байна.

Жаргалсайханы Мандхай, Загвар зохион бүтээгч

Монгол

“Манай ажилчдын 80 хувь нь эмэгтэйчүүд” гэж загвар зохион бүтээгч Ж.Мандхай ярьжээ. Тэр Лондонд загвараа бүтээдэг ч Mandkhai брэндийг Монголд үйлдвэрлэдэг. 1993 онд түүний аав Монголд ноолуурын бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд олон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангасаар иржээ.

Ж.Мандхайн хувьд нийгэмд хувь нэмэр оруулах чухал зорилготой. “Бид эмэгтэйчүүдийг хатгамал оёж сургадаг. Үйлдвэрээ нээснээс хойш бидэнтэй ажиллаж, туршлага хуримтлуулсан олон эмэгтэйчүүд бий. Бид мөн залуу загвар зохион бүтээгч, зураачидтай барууны загварын талаарх мэдлэгээ хуваалцаж, урам зориг өгдөг” гэж тэрбээр онцолжээ. Уламжлал, орчин үеийг хэв шинжийг хослуулсан түүний Mandkhai брэнд 2019 онд дэлхийн анхаарлыг татаж чадсан юм.

Ариа Вельш, Их Британийн трансжендер мисс

Перт, Шотланд

Ариа Вельш байгаагаараа байхын тулд бүхнээ зориулсан. 2015 онд тэр хүйсээ солиулсан юм. Хайртай гэр бүл, сүйт бүсгүй, ажил, нохой, найзуудынх нь үнээр түүний эмэгтэй болох хүсэл биелсэн. Гэхдээ энэ бүхний ард гарч чадсанаар томоохон амжилтууд угтаж байсан юм. Тэр илүү зоригтой байж, өөрийн түүхээ олон нийттэй хуваалцах, тэр байтугай Мисс трансжендер уралдаанд оролцох зоригтой шийдвэр гаргасан.Тэмцээний сүүлийн шатанд шалгарахын тулд трансжендер гоо бүсгүйчүүд буяны үйлсэд зориулан мөнгө босгох ёстой байв.

Ариа Вельш SANDS буюу амьгүй ураг төрүүлсэн эхчүүдэд зориулсан буяны арга хэмжээ зохион байгуулжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тэрбээр хүссэн титмээ авч чадсан юм. Их Британийн сүүлчийн тансжендер мисс болсон тэрбээр нэр алдартай хамт ирсэн хариуцлагыг бүрэн ухамсарлаж, чадах бүхнээ хийх урам зориг дүүрэн байгаа. Одоо тэр трансжендер болон уламжлалт бус бэлгийн чиг хандлагатай хүмүүсийн эрхийн төлөө тэмцэхээр сэтгэл шулуудсан.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top