Тайланд дахь Монголын ЭСЯ-наас МЭДЭГДЭЛ гаргалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Сүүлийн үед Тайландын Хаант Улсад зорчих манай иргэдийн урсгал нэмэгдэхийн хэрээр хулгайн гэмт хэрэгт холбогдох явдал эрс нэмэгдэж болсон. Үүнтэй холбоотойгоор Тайланд дахь Монголын Элчин сайдын яам мэдэгдэл хийлээ.

МЭДЭГДЭЛ

Манай улсын иргэд хулгайн хэрэгт ихээр холбогдож байна. Ялангуяа, гадаадын жуулчид олноор цуглардаг үзвэр, үйлчилгээний газар, нийтийн тээвэр болон олон улсын нисэх онгоцны буудалд зарим монгол иргэд хулгай хийж байгаад үйлдэл дээрээ баригдаж саатуулагдсныг Тайландын болон олон улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байна.

Энэ нь Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж, улмаар Тайланд Улсад зорчиж буй манай иргэдийг тус улсын хилээр нэвтрэхэд нэмэлт анкет бөглүүлэх, биедээ авч явж буй бэлэн мөнгө болон зээлийн картын мэдээллийг нь шаардах болов. Иймд гадаад улсад аялж буй иргэдэд ХАРИУЦЛАГАТАЙ АЯЛАХЫГ АНХААРУУЛЖ байна.

Тайланд Улс жилдээ 37 сая гаруй гадаадын жуулчин, давхардсан тоогоор 65 сая гаруй гадаадын иргэдийг хүлээн авдаг. Тус улсын Засгийн газар гадаадын жуулчдын аюулгүй байдлыг хангах, тэдний тав тухтай байдлыг бүрдүүлэхэд ОНЦГОЙ анхаардаг бөгөөд гадаадын жуулчдад хохирол учруулсан дотоод болон гадаадын иргэдэд хуулийн дагуу хатуу шийтгэл оногдуулдаг болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top