Жил бүрийн нэгдүгээр сарын 16-нд дэлхий даяар “Битлз” хамтлагийн өдрийг (World Beatles Day) тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 1957 оны энэ өдөр Ливерпуль хотын “Cavern” клубын нээлт дээр “Битлз” анхны тоглолтоо хийж байв.
Харин 1970 оны 4-р сарын 9-нд Пол Маккартни “Жон Леннонтой дахин хэзээ ч хамтран ажиллахгүй” гэж мэдэгдсэнээр алдарт “ The Beatles” хамтлаг тарсан түүхтэй.
Хөгжмийн ертөнцөд хувьсгал хийсэн домогт “The Beatles” тарсан гэдэгт итгэхийг хэн ч хүсэхгүй байлаа. Гэвч тэд дахин нийлсэнгүй, тус тусдаа дуу хөгжмийн замналаа үргэлжлүүлсэн. Хамтлаг тарсны дараахь тэдний замнал амжилттай байв уу?
1) Жон Леннон
Жон Леннон уран бүтээл төдийгүй олон нийт, нийгмийн ажилд идэвхтэй оролцож байв. Йоко Оногийн хамт энх тайван, эрх чөлөөний төлөө тэмцэж, эсэргүүцлийн жагсаал ч зохион байгуулж байлаа. Уран бүтээлийн хувьд 1971 онд гаргасан “Imagine” цомог тун амжилттай болсон. Леннон 1980 онд фэнийхээ гарт амь алдсан. Марк Чепмен гэгч тэр этгээд түүнийг “Битлз” хамтлагаас гарсанд нь сэтгэл дундуур байсан гэдэг яриа бий.
2) Пол Маккартни
Хамтлаг тарсны дараа хамгийн амжилттай яваа гишүүн бол Пол Маккартни. “Битлз”-ээс гараад л тэр “The Wings” хамтлаг байгуулж, эхнэр Линдатайгаа цуг уран бүтээл туурвиж эхэлсэн. Ленноны үхлийг Пол маш хүндээр хүлээн авсан тул тэр үеийн түүний дуунууд уянгын гунигтай байдаг байна. 1973 оны 3-р сарын 23-нд "My love" дуу нь Америкийн хит парадын 1-т бичигдэж, "Red rose speedway" цомог нь Америкт 1-т, Англид 5-т орсон байна. Энэ хоёр пянз "Битлз"-ээс гараад ч Маккартни агуу дуучин хэвээр үлдсэнийг бүрэн харуулсан юм. 76 настай ч дуулсан хэвээр байна.
3) Жорж Харрисон
“The Beatles” хамтлагт өөрийг нь дутуу үнэлж байсан гэдгийг Харрисон дэлхий дахинд бүрэн харуулсан. Хамтлаг тарахаас өмнө л тэр “Wonderwall Music” (1968), “Electronic Sound” (1969) гэсэн 2 цомог гаргаад байлаа. Тэр дуучин, гитарчин, хөгжмийн зохиолчоос гадна авьяаслаг продюсер, шинийг санаачлагч байлаа. Маш амжилттай хэд хэдэн цомог гаргаж, хандивын олон тоглолт зохион байгуулж байв. Харамсалтай нь тун залуудаа 58 настайдаа 2001 онд энэ ертөнцийг орхисон. Түүнийг хиндү шашны ёсоор оршуулсан байна.
4) Ринго Старр
Хамтлагийн бөмбөрчин Ринго 1970-аад оны дунд үеэс цомог гарган, танил дуучдын ач тусаар тун амжилттай явсан. Кино урлагт ч хүч сориод амжсан. 1989 онд шилдэг дуунуудаараа “Starr Struck” цомог гаргаж, “All-Starr Band” хамтлагтайгаа АНУ, Японд аялан тоглолт хийж байв. Одоо 78 настай Рингог Celebritynetworth.com сайтаас дэлхийн хамгийн баян бөмбөрчнөөр тодруулж байв. Түүний хөрөнгийг 300 сая доллар хэмээн үнэлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 0 )