Baby Shark дууг америк хөгжмийн зохиолчоос хулгайлаагүй гэж үзэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 15

Ютүб дэх хамгийн олон үзэлттэй видео Baby Shark-ийн дууг АНУ-ын хөгжмийн зохиолч Жонатан Райтын бүтээлээс хулгайлаагүй гэж Өмнөд Солонгосын шүүх үзлээ.

Жонатан Райт буюу уран бүтээлийн нэр нь Жонни Онли 1970-аад оны үед Дэлхий нийтийн хүртээл болж, олон улсад тархсан Baby Shark-ийн дууг хожим бага зэрэг өөрчлөн зохиосон юм байна. Тэрхүү өөрчлөн зохиосон хувилбарыг нь Pinkfong-ийнхон хулгайлан ашигласан хэмээн 30 сая вон нэхэмжлэн шүүхэд ханджээ. Гэвч шүүх хангалттай нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр Жонатан Райтын гомдлыг хэрэгсэхгүй болголоо.

 

 

Pinkfong 2016 онд Baby Shark дууны үгийг өөрчлөн, аяыг илүү хурдан хэмнэлтэй болгож ютүбэд оруулснаас хойш 16 тэрбум гаруй үзэлттэй буюу хамгийн олон үзэлттэй видео болсон юм.

Жонатан Райтын хувьд Baby Shark-ийг өөрчилсөн нь үнэн боловч олон нийтийн хүртээл болсон хувилбарыг тэгтлээ их өөрчлөөгүй буюу тусдаа бүтээл гэж үзэх хэмжээнд хүргээгүй гэж шүүх үзжээ. Өөрөөр хэлбэл, зохиогчийн эрх авахаар хэмжээнд хүртэл өөрчлөөгүй гэсэн байна. Тэгээд ч Райтын хувилбар нь Pinkfong-ийнхоос адил гэхээсээ өөр тал ихтэйг цохон тэмдэглэжээ.

 

 

Baby Shark-ийн тухайд бол 1970-аад оны үед АНУ-ын хүүхдийн зуслангуудад тархсан гэж үздэг. Гэхдээ дууны үг нь өөр. Аварга загас дуучнаа барьж идэж буйгаар төгсдөг байжээ. Зарим нь Baby shark-ийг 1975 онд дэлгэцнээ гарсан найруулагч Стивен Спилбергийн бүтээл Jaws уран сайхны кинотой холбоотойгоор үүссэн дуу гэдэг юм байна.

Жонатан Райт эхэндээ Pinkfong-ийн хувилбарыг сонсоод дэлхий нийтийн хүртээл болсон дуу гээд тоогоогүй гэнэ. Гэвч “Ард түмний хүч” нам сонгуулийн кампанит ажилдаа Baby Shark дууг ашиглахад Pinkfong эгдүүцэн, шүүхэд хандсан нь өөрт нь бас боломж бий гэсэн бодлыг төрүүлжээ.

“Тэгэхэд л гэнэт би бодсон юм. Эд нарын хувилбар хуулиар хамгаалуулсан юм бол минийх бас тийм юм биш үү? гэж бодсон” хэмээн Райт ярьжээ.

Шүүх дээр ялалт байгуулсныхаа дараагаар буюу өчигдөр Pinkfong-ийнхон мэдэгдэл хийхдээ “Baby Shark дуу бол олон нийтийн хүртээл болсон уламжлалт дуун дээр үндэслэсэн гэдгийг шүүх бататгалаа. Энэ дуунд бид шинэ утга агуулга, шинэ хэмнэл, илүү чихэнд наалдацтай аялгуу нэмж өгснөөр поп соёлын бэлэг тэмдэг болсон” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top