Өмнө нь дэлгээгүй гэрэл зургуудыг "Найрамдал-70 жил" үзэсгэлэнгээр харуулна

2019 оны 04 сарын 17

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломтат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "Найрамдал-70 жил" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2019.04.17/ Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд боллоо.

Хоёр улсын дипломат  харилцааны 70 жилийн ойн хүрээнд энэхүү үзэсгэлэнг Чойжин ламын сүм музейн хамт олон санаачлан зохион байгуулж буй бөгөөд Монгол, Хятадын инженерүүд Чойжин ламын сүм музейг сэргээн засварласан түүхийг эргэн дурссан түүхэн гэрэл зургуудыг дэлгэлээ.

Үзэсгэлэнд Монгол Улсын Үндэсийн төв архив, Чойжин ламын сүм музей болон гэрэл зургийн "Гамма" агентлагийн сан хөмрөг, Чех улсын археологич Лумир Ийсл, Япон гэрэл зурагчин Терүза Сугияма, ЗХУ-ын архелогич Г.И.Боровка, Дани улсын иргэн К.П.Альбертсен нарын авсан гэрэл зургуудаас дээжлэн авчээ. Үзэсгэлэнд гаргасан зургийн ихэнхийг нийтэд анх удаа үзүүлж буй бөгөөд  музейн түүхийг өгүүлээд зогсохгүй ХХ зууны эхэн үеэс өнөөг хүртэл цаг хугацааны Нийслэл Хүрээ, Улаанбаатар хотын төв хэсгийн төрх, барилгажилт, хүмүүсийн амьдралын хэв маяг, тэдгээрт гарсан өөрчлөлт зэргийг харуулжээ. Үзэсгэлэн энэ сарын 19-ний өдрийг дуустал гарна.

ЧОЙЖИН ЛАМЫН СҮМ МУЗЕЙН ТУХАЙ ТОВЧХОН

Чойжин ламыни музей нь Махаранз сүм, Гол ба Занхан сүм, Зуугийн сүм, Ядам сүм, Хотол чуулган тус Энх-Амгалангийн тив сүм гэх нийт таван сүм, хүндэтгэлийн тавани хаалга бүхий түүх, шашин, соёлын өвийн цогцолбор юм. Үүнд Монгол Улсын хосгүй үнэт 6000 гаруй үзмэр, түүний дотор Өндөр гэгээн Занабазарын гайхамшигт сонгодог бүтээлүүд хадгалагдаж байна.

Монголын түүх, шашин, соёлын гайхамшигт өвийн нэг тус сүмийг Лувсанхайдав хутагтын номыг тэтгэгч сахиусыг оршоон буулгах үйлд зориулж 1904-1908 онд Омбо тэргүүтэй шилдэг урчууд байрьж байгуулжээ. Сүм нь хоёр жас, 50 орчим ламтайгаар шашин номын үйл ажиллагаа явуулж байгаад төрөөс шашны талаар баримталсан хатуу бодлогын улмаас 1930-аад оны сүүлээр хаагдсан түүхтэй.

БНМАУ-ын Ерөнхий сайд А.Амар, маршал Х.Чойбалсан нарын тушаалаар Чойжин ламын сүмийг 1938 онд эрдэм шинжилгээ, үзэсгэлэнгийн зориулалтаар Шинжлэх ухааны хүрээлэн /өнөөгийн ШУА/-гийн мэдэлд шилжүүлжээ. Тухайн үед Зөвлөлтийн уран барилгач Васильев болон ШУ-ын Хүрээлэнгийн эрдэмтэд тус сүмийг уран барилгын хэлбэр, хийцийн хувьд дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв болохыг тодорхойлж, хадгалж үлдээх талаар санал дэвшүүлснээр улсын хамгаалалтад авсан байна. Ийнхүү музей болох үндэс тавигджээ.

БНМАУ, БНХАУ-ын Засгийн газар хооронд эдийн засаг, соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг 1952 байгуулжээ. Энэ дагуу 1957 онд БНХАУ-ын эртний уран барилгын инженер Юй Мин Чен, техникч Ли Жу Цзюнь нарыг БНМАУ-д урьж ажиллуулсан байна.

Улмаар МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооноос 1958 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гаргасан сэргээн  засварлалтын ажлын тухай тогтоолын дагуу тус музейн барилгын засварлалтын ажлын зургийг 1959-1960 онд инженер Юй Минь Чень, техникч Ш.Нанзаддорж, Ли Жу Жун нар гүйцэтгэсэн аж. Монгол, Хятад инженер, техникийн ажилтнууд 1961 оны хавраас эхлэн сэргээх ажлыг гүйцэтгэж мөн оныхоо намар бүрэн дуусгасан байна.

Энэ нь Чойжин ламын сүм музейд хийсэн хамгийн анхны томоохон сэргээн засварлалтын ажил төдийгүй хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны түүхэнд тэмдэглэх чухал үйл явдал болсон юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top