Н.Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулсан үзэсгэлэн дэлгэгдлээ

2024 оны 08 сарын 28

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ням-Осорын Цүлтэмийн мэндэлсний 100 насны ойд зориулсан “МОНГОЛЫН ДҮРСЛЭХ УРЛАГТ ЗОРИУЛСАН 100 ЖИЛ” тусгай үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд 2024.08.26-09.08-ныг хүртэл үргэлжилж байна.

Н.Цүлтэм нь дүрслэх урлагийн олон арван сор бүтээлийг туурвисан уран бүтээлч төдийгүй “Монголын дүрслэх урлагийн тойм” судалгаагаар дэд докторын зэрэг хамгаалсан урлаг судлалын ухааны анхны эрдэмтэн юм. Тэрээр амьдралынхаа 60 гаруй жилийг дүрслэх урлагийн салбарын хөгжилд зориулж, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг үүсгэн байгуулахын зэрэгцээ Дүрслэх урлагийн сургуулийг бие даасан сургууль болгосон. Түүнчлэн Монголын Урчуудын Эвлэлийг 30 гаруй жил удирдаж дүрслэх урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатан юм.

Нэрт зураачийн 100 насны ойд зориулан “Урлагийн бүтээл үрчлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Монголын XX зууны дүрслэх урлагийн сор бүтээл “Хурмастын чуулга” уран зургийг Соёлын Өвийн үндэсний төв, Соёлын өвийн сүлжээ, Харилцаа холбооны зөвлөлтэй хамтран сэргээн засварлаж 15 жилийн дараа үзэгчдэд толилуулж байгаа юм.

Энэхүү тусгай үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ардын зураач Н.Цүлтэмийн 30 гаруй бүтээлийг дээжлэн бүрэн хэмжээний баримтат киноны хамт нийтийн хүртээл болгож байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top