Шинэ, залуу эмэгтэй зураачид Ц.Ариунбайгаль, М.Цасчихэр нар энэ удаагийн хамтарсан үзэсгэлэнгээ “Moment" хэмээн нэрлэжээ. Ийнхүү нэрлэсэн учир нь хүн, байгаль, эд юмс өөрийн гэсэн зүй тогтолтой бөгөөд цаг хугацааг үл хамааран тухайн мөчид дахин давтагдашгүй гоо үзэсгэлэнг бий болгож байдагтай холбоотой аж. Гагцхүү тэр мөн чанарыг бид уран бүтээлдээ өөр өөрсдийн ертөнцөөр тусган харуулахыг зорилоо хэмээж байна.
М.Цасчихэрийн уран бүтээлийн концепц: Уншсан уран зохиолын бүтээлүүдээсээ сэдэлжиж өөрийн бүтээлийн ерөнхий утга санааг гаргажээ. Зургийн зохиомж, дүр дүрслэл болон зохиолынхоо агуулгыг илүү бүтээлч талаас баяжуулахыг зорьсон. Өнгөний хувьд бараан дүрсээр тухайн биетийг харин цайвар өнгүүдээр байгалийн олон янзын цаг үеийг харуулахыг хичээлээ. Тухайлбал намар цаг гэхэд алтан шаргал өнгөний уулсыг харуулах мэт, хавар гэхэд олон янзын дулаан өнгүүдийг хооронд нь зохицуулан зурахыг эрмэлзсэн. Бүтээлүүдийн ерөнхий дүрийн хувьд гэвэл жигүүртэн амьтан тэр дундаа хараацай шувуудыг сонгон авч хийсэн юм. Хараацай шувуу нь маш өндөрт дүүлэн нисдэг бөгөөд үзэсгэлэнтэйгээр тэнгэрт хөөцөлдөн тоглох нь яг л урлагийн бүтээл мэт харагдана. Бидний амьдрал цаг хугацаа эргээд бодоход шувууд нисэх мэт хурдан өнгөрсөн байх нь олонтаа. Энэ цаг хором бүр бидэнд дахин олдохгүй юм гэсэн санаа нь бүтээлүүддээ шингээн дүрсэлсэн билээ.
Ц.Ариунбайгалийн бүтээлүүдийн концепц: Агуулга санаа өгүүлэмжийн хувьд хүн ба байгалийн нууцлаг гоо үзэсгэлэн, салшгүй сүнслэг уялдаа холбоог зэргийг харуулахыг зорьсон. Байгаль эхийн дахин давтагдашгүй өнгө, бүсгүй хүний гоо үзэсгэлэн бүхэллэг зүйл гэдгийг түүний бүтээлүүдээс харж болно. Түүнчлэн зарим бүтээлүүдээс модернист, футурист хэв маягийг нэг дор тольдон харах боломжтой. Арга барилын хувьд дүр дүрслэл, өнгөний зохицол зэрэгт ихээхэн анхаарч ажиллаа. Бүтээлүүдээс тухайн орчинд уусан орж буй мэдрэмж өгөхийг зорилоо.
"Moment" үзэсгэлэн 2019 оны арваннэгдүгээр сарын 22ны 18:00 цагаас нээлтээ хийж арванхоёрдугаар сарын 1 хүртэл Bluemon center-ийн 1-р давхарт байрлах Norphei Art Gallery-д гарах юм.
Сэтгэгдэл ( 0 )