“Хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг” эхэллээ

2019 оны 04 сарын 22

“Ulaanbaatar book fair - 2019”-ийг угтан, Дэлхийн хүүхдийн ном зохиогчийн эрхийн өдөрт зориулан хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн хамтын ажиллагааг сайжруулах, түншлэлийн хүрээг өргөжүүлэх, орчин үеийн ном бүтээх арга зүйгээр хангах, хүүхдийн номын хэвлэлийн стандартыг дагаж мөрдүүлэх, зохиолчдод урам зориг, шинэ санаа өгөх зорилготой “Монголын хүүхдийн зохиолч, уран бүтээлч, ном бүтээгчдийн өдөрлөг”-ийн нээлт өнөөдөр /2019.04.22/ Улаанбатар дахь ОХУ-ын Шинжлэх Ухаан, Соёлын Төв /РЦНК/-д боллоо. 

Тус арга хэмжээг “Номын соёлт” ертөнц ТББ-ын санаачлагаар Хүүхдийн төв номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн – “Хүүхдийн зохиолын үндэсний төв”, Хүүхдийн уран бүтээлчдийн “Эвт үзэг” төв хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монголын СӨБ багш хөгжлийн төв бодлогоор дэмжин оролцлоо.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат өдөрлөгийг нээж хэлсэн үг хэлсэн бөгөөд нээлтэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх Россотрудничество агентлагийн төлөөлөгчийн газрын тэргүүн Базархандаев Амгалан Ринчинович, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Улаанбаатар дахь ОХУ-ын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн ахлах референт Зимирёв Владимир Сергеевич, Монцэме агентлагийн орлогч дарга Ш.Батболд, Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэг, Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга До. Цэнджав, МУБИС-ийн багш, хүүхдийн зохиолч О.Сундуй, Хүүхлийн хөгжмийн зохиолч С.Батболд, “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Б.Сувд, “Бүжинд тохиолдсон явдлууд” номын зохиогч Б.Индра нар оролцлоо.

Тус өдөрлөгөөр:

  • “Хүүхдийн ном зохиолын онцлог” илтгэл сургалт,
  • Хүүхдэд зориулсан ном, хэвлэлийн өдөрлөг, үзэсгэлэн, худалдаа,
  • Иргэний номын санд зориулсан “Номын давалгаа” аян,
  • МЗЭ-д хүүхдийн зохиолчийг элсүүлэх
  • Зөвлөмж танилцуулга
  • Мэдээлэл солилцох
  • Түншлэл
  • Телевизийн нэвтрүүлэг зэрэг олон талт үйл ажиллагаа зохиогдож байна.

“Хүүхэд Монголын ирээдүй” уриатай уг өдөрлөг нь маргааш мөн үргэлжлэх бөгөөд номд дуртай, номын хорхойтон, уншигч хэн бүхнийг гэр бүл, үр хүүхдийн хамтаар саатан морилохыг урьж байна.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top