УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очироос "Оюутолгой"-н гэрээг шалгах ажлын хэсгийн нууц материал алдагдсан гэх асуудлаар тодруулга авлаа.
-Таныг "Оюутолгой"-д нууц материал өгсөн гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны ажилтан хэлсэн. Үүнд тайлбар өгнө үү?
-"Оюутолгой"-н хэлэлцэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороон дээр хангаад явж байна. Ганцхан материал гишүүдэд тараагаагүй байгаа. Тэр бол АТГ-ын шалгасан материал. Бусад бүх материалыг тараасан. Ялангуяа Дубайн гэрээнд хийгдсэн нууцлалтай холбоотой шалгалтын материал, Засгийн газар, "Оюутолгой"-н хооронд явагдаж байгаа хэлэлцээрийн нууцлалын материалыг тараасан. Оюутолгойн дүгнэлт бол нууцлалтай холбоотой ямар ч зүйл байхгүй. Бүх гишүүдэд тараасан. Тиймээс заавал Д.Дамба-Очир гэдэг хүнээс авсан байх албагүй. "Оюутолгой" дүгнэлтдээ тайлбар гаргаж өгч байгаа. Үүнийг бид гишүүдэд тарааж байгаа. Өөрөөр хэлбэл, бид гишүүдийг бүх талын мэдээлэлтэй байх үүднээс тарааж байгаа. Гишүүдийг танилцах хугацаа олгоод ирэх долоо хоногт шалгалтын дүгнэлтийг хэлэлцэнэ.
-Гишүүдэд өгөх материалыг яагаад хамгийн түрүүнд Оюутолгойд өгсөн юм бэ?
-Гишүүд бүх материалыг авсан байсан. Тийм учраас нууцлаад, Д.Дамба-Очир хулгайгаар "Оюутолгой"-д өгсөн зүйл огт байхгүй. Албан ёсоор хандаад, тайлбар гаргаж өгсөн. Үүнийг УИХ-ын гишүүдэд тараагаад явж байгаа. Тиймээс "Оюутолгой"-н дүгнэлттэй холбоотой 43 хуудас материал нууцтай холбоогүй.
-Та "Оюутолгой"-той ашиг сонирхлын зөрчилтэй юу?
-Би "Оюутолгой"-той ямар ч ашиг сонирхлын зөрчилгүй. Харин би гэрээг сайжруулах ёстой гэж хатуу зогсдог. Миний хэлсний дагуу "Оюутолгой" мэдэгдэл хийж гэрээнд нэг үг, үсэг өөрчлөхгүй гэсэн. Үүнийг УИХ шийднэ. Сайжруулах ёстой бол гэрээг сайжруулах ёстой. Надад "Оюутолгой"-той хуйвалдаад байх зүйл байхгүй.
-Ажлын хэсэг дүгнэлт гаргаж чадсан уу?
-Ажлын хэсэг дүгнэлт гаргаж чадахгүй байна. Би Д.Тэрбишдагва гишүүнд хэлсэн. Ажлын хэсгээ хуралдуул, 12 гишүүнээрээ гарын үсэг зуруулаад аваад ир гэсэн ч дөрвөн гишүүн нь зураагүй байна. Дүгнэлт гараагүй учир явцыг нь сонсохоор болоод байгаа.
-УИХ-аас шалгаад жил гаруй боллоо. Яагаад удаад байгаа юм бол?
-Тэр компаниас оролцсон зүйл байхгүй. Харин ажлын хэсгийн гишүүд хоорондоо ойлголцохгүй байна.
-Дубайн гэрээг цуцлах яриа гарч байгаа гэж үнэн үү?
-Тийм зүйл яригдаагүй байна.
Сэтгэгдэл ( 5 )
Ажлын хэсэг дүгнэлт гаргаж чадахгүй байна гэнэ үү, болиод өгөөч ээ гишүүд ээ, чадахгүй байгаа бол сайн дураараа огоорч, өөр юу гэх юм аан
Ямар ичих булчирхайгүй хүн бэ, ахлах зөвлөх нь даргын заавраар Оюутолгой ХХК-д шалгалтын материалыг 2019-05-03-ны баасан гаригт хүргүүлсэн гэж хэлээд байхад тас гүрийгээд байдаг? Хулгай хар мөртэй, баригдана даа баригдана гэж энийг л хэлэхгүй бол өөр юуг хэлэх юм бэ, байнгын хорооны даргын суудлаас даруй огцруулж 1 худагт хорих болжээ.
Ажлын хэсгийн гишүүд нь гарын үсгээ зураад төрийн ажлыг удааж гацаалгүй явуулахад яадаг МАНУУХАЙ нууд вэ, шалгасан баримт нь байгаа юм бол үнэлж дүгнээд санал онолоо дэвшүүлэхэд юу нь болдоггүй юм бол доо, ийм новшнуудыг сонгож өөрсдийгөө төлөөлүүлэх ямар тамтам юм бэ.
КАНАДУУДАД ЭНЭ ШАЛГАЛТЫН МАТЕРИАЛЫГ ӨГСӨН_ ХҮН БОЛ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН БААСАНХҮҮ БАЙХАА. БАРЬЦГҮЙ, АШГИЙН ТӨЛӨӨ ХАМТ ЯВАА ХҮНЭЭ ХУТГАЛЖ МЭДЭХ ТҮГЖИЛ ШИГ Л ХҮН ШҮҮ
Там-очир шүү дээ. Ёстой л чононд мах хадгалуулна гэгч нь л энэ байх даа.