УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл-ийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 64 гишүүн гарын үсэг зурж, 2019.06.06-ны өдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир “Монголын төрийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс өнөөдөр Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгааг дэмжиж байна. Эрдэнэт, Дарханы асуудлыг би Засаг захиргааны нэгжийн хуульд хот болгох тухай асуудлыг тусгахаар өргөн барьж байсан. Яагаад хотын статусын асуудлыг өөрчлөөд оруулж ирсэн юм бэ. Эрдэнэт, Дарханы асуудлыг шийдэхгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийг яриад ч нэмэргүй. Эрдэнэтэд 100 гаруй мянган хүн амтай сум байна. Эрдэнэтийн хүн амын 98 хувь нь хот болох хүсэлтэй байдаг. Тиймээс би зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргана. Яах гэж биднийг уулгаж ажиллуулсан юм. Бидний хийсэн ажлыг өөрчлөөд оруулж ирж байгаа нь марзганаад байгаа юм уу, тоглоод байгаа юм уу” гэж асуув.
Үүнд Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан “Дархан, Эрдэнэт хоттой асуудлын томьёолол таван удаа өөрчлөгдөж орж ирсэн. Олон нийт, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлсэн. Хот, тосгоны эрх зүйн орчинг судалдаг судлаачид хоёр жил ажиллаад хүрсэн дүгнэлтээ оруулж ирж байгаа. Зөвхөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийг хот байна гээд заачихаар аймгийн төвүүд орхигдох байдалд хүрсэн. Нутгийн удирдлагын тухай хууль боловсрогдож байна. Д.Дамба-Очир гишүүн бүтэн 12 жилийн турш энэ асуудлаар ярьж байгаа. Цаашдаа Дархан, Эрдэнэтийн хэмжээний хот гарч ирэхийг үгүйсгэхгүй. Улсын хэмжээний хот байна гэдэг статусыг олгож, өөрийн удирдлагатай байхыг зааж байгаа. Холбооны улсуудад хотыг муж болгосон байдаг. Бид бүхэн үүнтэй холбоотойгоор томьёоллыг дахин нухацтай авч үзнэ” гэж хариуллаа.
Мөн ажлын хэсгийн гишүүн А.Бямбажаргал доктор “Төслийн хувилбарт хууль зүйн техникийн хувьд ерөнхий агуулгыг тогтоох аргыг хэрэглэсэн. Өмнө нь засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж дотор хот, тосгон байна гэж байсан. Харин засаг захиргааны нэгжээс хамааралгүй хот, тосгон хөгжих боломж олгож байгаа. Олон улсын эрх зүйн ойлголтод аливаа зүйлийг шууд нэрлэхээс татгалздаг. Засаг захиргааны нэгжээс тусдаа хууль гарах эрх зүйн үндсийг нээж өгч байгаа юм” хэмээн тайлбарлалаа.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )