Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж 2022 оны зургадугаар сарын 9-ний өдөр улс төрийн 24 нам хамтран тунхаг бичигт гарын үсэг зурж, зарчмын саналаа тохирсон нь Монголын улс төрд тохиосон түүхэн болоод ховорхон нэгдэл болсон. Гэхдээ энэ нь зуун хувь санал нэгдсэн хэрэг биш бөгөөд улс төрийн намууд болон, иргэд олон нийтийн санал бодлыг сонсох, саналыг тусгах ажил цаашид үргэлжилнэ.
Энэ ажил УИХ 2022 оны зургадугаар сарын 16-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай тогтоолыг баталснаар эхэлж, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж эхэлжээ.
Төслийн танилцуулгаас үзэхэд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүний эрхийг ханган баталгаажуулах, парламентын чадавх, хариуцлагыг нэмэх, хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих, төрийн сүлдийг шинэчлэх гэсэн дөрвөн тулгуур зорилтыг хангах аж.
Шинэчлэлийн агуулгыг товчлон хүргэе. Үүнд:
Хүний эрхийн чиглэлээр “Хүний эрхэм чанар халдашгүй байна хэмээн үзэж, төр нь хүний эрхэм чанарыг хүндэтгэх хамгаалах үүргийг иргэний өмнө хүлээнэ” хэмээн үзэж, цаазын ялыг халах, иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг Үндсэн хуулиар хязгаарласан байсныг арилгах, иргэний үндсэн эрхээ хуульд заасан хязгаарын хүрээнд Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргаж, хамгаалуулах боломжийг нээх, Үндсэн хуулийн Цэцийг улс төрийн нөлөөллөөс гаргах төслийг боловсруулсан.
Ард иргэдийн төлөөллийг парламентанд тэгш оролцоотой болгох чиглэлд сонгогчдын санал гээгддэг байдлыг арилгах үүднээс сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд хөдөлбөргүй тусгаж өгөх, сонгогчдыг төлөөлөх мандатын тоог нэмэгдүүлэх, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хяналт, тэнцэл, уялдаа холбоог зохистой болгоно.
Хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих чиглэлээр хөгжлийн олон төвтэй улс болгох зорилтыг дэмжинэ. Төрийн сүлдийг мөн төрт ёс, түүхэн уламжлалд суурилан шинэчлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )