П.Наранбаяр: Улсын үндэс, зарчим болсон хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 07 сарын 01

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн ХҮН-ын дарга П.Наранбаяраас тодрууллаа.


-Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал хөндөгдөж эхэлсэн. ХҮН-ын хувьд тогтолцоогоо өөрчлөхгүй бол цааш явахгүй гэдэг зүйлийг түлхүү хөндөж байх шиг байна. 

-Үнэн л дээ. Улс орны чинь яг үндэс, зарчим, философи нь болсон хууль дээр өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тогтолцоо нь өөрөө буруу яваад байхаар юу ч урагшаа явахгүй л дээ. Нэг дөрвөлжин дугуй хийчихээд урагшаа яв гээд байгаагаас ялгаагүй. Уг нь дугуй чинь бөөрөнхий байж л урагшаа явна биз дээ. 

-Үндсэн дөрвөн чиглэлд л нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна. Парламентыг төгөлдөржүүлэх, гишүүдийн тоог нэмэх, олон намын тогтолцоотой болох, Засгийн газрын сайд нарыг парламентаас сонгодог байх зэргээр ярьцгааж байна. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Тэр дөрвийг улс төрийн намуудын Тунхаг бичиг дээр гарсан хүрээ гэж ойлгож болно. Гол санаа нь ердөө л парламентад ёсыг бэхжүүлэх юм. Ингэхийн тулд улс төрийн намуудыг бэхжүүлье гэсэн санаа дээр л тулгуурлаж ерөнхий санааг нь товчхон харж болно. Парламентад ёсыг бэхжүүлнэ гэдэг нь УИХ илүү чадварлаг, олон нийтийн дуу хоолойг авсан, саналыг нь үхүүлдэггүй, гээдэггүй, олон төлөөлөлтэй л байх юм.

Харамсалтай нь, манай Үндсэн хуульд 76 гишүүнтэй байна гээд заачихсан. Гэтэл тэр 76 нь хэт цөөдөөд нэг гишүүн 3-4 байнгын хороонд очиж ажиллаж байна. Ачаалал ихтэйгээс гадна төвлөрч ажиллах боломж муутай байна. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

Уг нь, Засгийн газрын парламент өөрөө төрүүлдэг байх ёстой. Япон зэрэг амжилттай хөгжсөн орнууд хэрэглэж байна. Энэ системийг оруулж ирэх гэхээр 76-хан гишүүнтэй. Нөгөө 17, 18 сайд нь гараад ирэхээр эсрэгээрээ Засгийн газар нь УИХ-аа барьчихаад байдаг. Тиймээс давхар дээл гэдэг зохиомол ойлголтыг бий болгоод түүнийгээ улстөржүүлээд явсан гашуун туршлага бий.

-Таны бодлоор УИХ-ын 76 гишүүнийг хэд болгох хэрэгтэй юм бэ?

-Өнөөгийн нийгэмд төлөөллийн ардчилалд зохихгүй болсон энэ 76 гэсэн тоог 152 болгох санал байгаа. Ингэхгүй бол цаашаа Засгийн газраа ч төрүүлж чадахгүй, парламент ч төгөлдөржиж чадахгүй. 

-Үндсэн хууль бол суурь хууль. Суурь хуульдаа ойр ойрхон хөндөх нь хэр зохимжтой юм бол оо?

-Үндсэн хуулийг хоёр удаа өөрчилсөн. Өнгөрсөн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөд сайн тал бий. Шүүх засаглал сайжирсэн зэрэг дэвшилтэй тал бий. Харамсалтай нь, сая ярьсан зүйлийг шийдэж чадаагүй. 

-Та бүхний хүссэн шиг нэмэлт, өөрчлөлтийг хийж чадах болов уу. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

-Чадах болов уу гэж найдаж байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин.(202.9.46.69) 2022 оны 07 сарын 03

Нам нь цэцэд өөрийн хүнээ суулгаад тэр хүн нь улс төрийн эрх ашгаа намаараа хамгаалаад байдаг нь хачирхалтай. Бусад оронд ҮХЦэцэд шударга хүмүүсээ нам харьяалалгүй тавьж эх орноо хамгаалдаг Гэтэл манайд эсрэгээрээ нам хүнээ тавьдаг гол учир нь байна. Дашбалбарын хүүгээс бусад нь дандаа НАМЫН ТӨЛӨӨЛЛИЙН ХҮМҮҮС БАЙГААД ӨТӨЛ БИ ХАРАМСДАГ ДАА.

0  |  0
ЗОЧИН(150.129.140.159) 2022 оны 07 сарын 02

Үндсэн хуулийг хэн дуртай нь өөрчлөөд хэн дуртай нь цэцэд өөрийн хүнээ суулгачихаад тэр нь улс төрийн эрх ашгийг нь хамгаалаад нөгөөдөх нь захиалгаа өгөөд бүр амар болсон.

0  |  0
Top