Б.Насанбилэг: Парламентын засаглалыг хөгжүүлэх, олон намын тогтолцоог дэмжинэ

Б.Төрбат | Zindaa.mn
2022 оны 06 сарын 30

Монгол Улсын Үндсэн хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд Зүй ёс намын дарга Б.Насанбилэгийг ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 


-Үндсэн хуульд дахин гар хүрэх асуудал хөндөгдөж, санал асуулгын шатанд явна. Эл асуудлаар парламентад суудалтай, суудалгүй улс төрийн нам, эвслүүд хэд хэдэн удаа уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тэр ч битгий хэл, Тунхаг бичигт гарын үсэг зурцгаасан шүү дээ. Зүй ёс намын даргын хувьд Үндсэн хуулийг дахин өөрчлөх асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Он гарснаас хойш парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намууд хэд хэдэн удаа уулзсан. Ер нь, Улстөрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй юм байна, улстөрийн намууд төлөвших төлөвшлийг нь хангах чиглэлээр яриа хийгдсэн. Ингэхийн тулд сонгуулийн тогтолцоо нь өөрөө өөрчлөгдөхгүй бол болохгүй. Ингэж байж хөгжинө гэдэг асуудал хөндөгдсөн. Тэр үед сонгуулийн холимог тогтолцооны асуудал яригдаж байсан. Энэ хүрээндээ зургаадугаар сарын эхээр олон нам, эвсэл Тунхаг бичигт гарын үсэг зурсан.  

Тунхаг бичигт дөрвөн чиглэлийг тодорхой заасан. Нэгт, хүний эрхийг баталгаажуулъя. Хоёрт, парламентын засаглалыг бэхжүүлье. Гуравт, хөдөө орон нутгийн хөгжлийн хангая. Дөрөвт, төрийн сүлд, бэлэг тэмдгийн асуудлыг хөндөх чиглэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах Тунхаг бичигт гарын үсэг зурсан. 

-Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд дахин гар хүрэхийг дэмжиж байгаа байх нь?

-Тийм, манай намын зүгээс дэмжиж гарын үсэг зурсан. Дэмжиж гарын үсэг зурсан нь шалтгаантай. 

-Тодруулж болох уу?

-Өмнөх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хүмүүсийн эвлэлдэн нэгдэх гэдэг эрхийг бууруулсан заалт оруулсан. Урд нь 800 хүний гарын үсгээр улс төрийн намыг байгуулдаг байсан бол өнөөдөр 21500 гаруй хүний гарын үсгийг шаарддаг болсон. Ингэснээр улс төрийн нам гэж оршин тогтнох боломжтой нь эрс цөөрөх, тэр хэмжээгээр сөрөх хүчин үгүй болох, иргэдийн дуу хоолойг хүргэдэг улс төрийн хүчин үгүй болох зэрэг эрсдэл дагуулж байгаа юм. Үүнийгээ эргэж харья гэдэгтэй нь санал нэг байна.

Хоёрт, парламентын засаглалыг хөгжүүлье, олон намын тогтолцоотой болье гэж байгаа. Энэ бол зөв, зүйтэй чиглэл. Ялангуяа өнөөдөр бүхий л улс төрийн хүч нь нэг намд төвлөрөх хандлагатай байна.

Сүүлийн хөгжлийн хандлагаас харахад нэг намд, нэг улс төрийн хүчинд төвлөрөх нь аюултай гэдгийг харлаа.

Нийгэмд үүсээд байгаа бухимдал, асуудал нэг дор шийдэгдэхгүй. Алсдаа шийдэгдэх асуудал шүү дээ. Гэхдээ энэ Үндсэн хуульд оруулахаар ярьж байгаа холимог тогтолцооны чиг хандлага нь зөв гэж үзэж байна. 

-Бусад асуудалд нь ямар байрь суурьтай байгаа вэ, дэмжиж байгаа хэрэг үү?

-Тэр цаазын ял, сүлд тэмдгийн асуудал байна. Яг үнэнийг хэлэхэд, манай нам мэдээлэлгүй байсан. Хэдий мэдээлэлгүй байсан ч Тунхаг бичиг, ерөнхий чиг учраас зөвшөөрч гарын үсэг зурсан. Эрх баригч намыг зөв чиглэлд явж байгаа тохиолдолд дэмжиж, хамтарч ажиллах ёстой. Тэр ч өнцгөөсөө дэмжсэн. 

-Гэхдээ Үндсэн хуульдаа ойр, ойрхон өөрчлөлт оруулаад байх нь хэр зөв, зохимжтой юм бэ?

-Хууль гэдэг бол нийгмийн харилцааг зохицуулдаг. Үндсэн хууль бол суурь хууль. Олонхын бодол өөрчлөгдөж байна, улс эх орон хөгжиж байна. Дээр нь гадаад нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Энэ бүхэнд зохицуулаад аливаа хуульд өөрчлөлт оруулах нь зүйн хэрэг. Энд олон дахин байна, их байна, бага байна гэж ярих нь өрөөсгөл.

Хамгийн гол нь цаг үетэйгээ уялдах ёстой. Ард түмний амьдрал сайжрах ёстой. Монгол Улс эдийн засгийн хувьд хөгжих ёстой гэсэн байр суурьтай байна. Харин үүнд нь яг бодитойгоор оруулж чадах өөрчлөлт байх юм бол зоригтойгоор хийх ёстой. Тэр ч утгаараа дэмжиж байна. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

-Улс төрийн хүрээнийхэн болон улстөр судлаачид янз бүрийн л байр суурийг илэрхийлж байна. Хэдийгээр төсөл эцсийн байдлаар бэлэн болоогүй ч хэд, хэдэн хувилбар яригдаж байна. Жишээ нь, УИХ-ын гишүүдийн тоог 152-155 болгоно гэдэг ч юм уу. Парламент дотроосоо сайд нараа сонгоно, "давхар дээл"-ын асуудал ч хөндөгдөж байна шүү дээ?

-Үндсэн хуулийн асуудлыг авч үзэх юм бол эрдэмтэд хэлсэн байдаг. Яг улс, эх орныхоо язгуур эрх ашгийг хамгаалах, хөгжлийг ярьдаг зөв УИХ-ын тогтолцоо нь бол хоёр танхимтай байх ёстой гэдгийг хэлсэн байдаг. Энэ асуудлыг улстөрийнхөө хүрээнд хэлэлцэхгүй л яваад байна.

Магадгүй энэ нь нэг шийдэл байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр яригдаж байгаа асуудал бол парламентын гишүүдийн тоог нэмье, давхар дээлийн асуудлыг ярья гэдэг асуудал яригдаж байна гэж ойлгосон.

Ер нь бол, УИХ-ын гишүүдийн тоо гэж байдаг. Гишүүдийн тоо нь их, бага тал дээрээ Монгол Улсад ямарч асуудал байхгүй. Энэ тоо ард түмний хөгжлийн түвшин, амьдралтай холбоогүй гэж үзэж байна. Яах вэ, 150 гаруй гишүүдтэй болгоход 15 хувь нь давхар дээлтэй байж болох юм байна гэдэг асуудал яригдаж байгаа юм билээ.

Энэ тохиолдолд УИХ, Засгийн газар нь ч үүргээ биелүүлж, харилцан ажиллаж чадна гэдэг зүйлийг хэлээд байгаа юм. Гэхдээ зөвхөн давхар дээлний асуудлыг шийдэхийн тулд гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол болохгүй. Тиймээс манай намын хувьд энэ асуудалд болгоомжтой хандаж байгаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(204.137.100.21) 2022 оны 07 сарын 01

Зүй ёс намыг маш бодовсролтой, ухаантай хүн удирддаг юм бна.

0  |  0
Ариун(204.137.100.21) 2022 оны 07 сарын 01

Зөв байр суурьтай намын дарга бна. Дараагын сонгуульд өрсөлдөөрэй. Дэмжих болно.

0  |  0
Top