Д.Дамба-Очир: Чуулган тарахаас өмнө СЗХ-г бүтэн болгомоор байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 24

УИХ-ын чуулганы өнөөдөр /2020.01.24/-ийн нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд хуралдааны өмнө УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Санхүүгийн зохицуулах хорооны орлогч дарга нарын томилгоог яаравчлах санал гаргалаа.

Тэрбээр “СЗХ-ны орлогч дарга нарын асуудлыг сар гаруйн өмнөөс ярьж байгаа ч одоо болтол чуулганаар орохгүй байна. СЗХ-ны ажил амаргүй байгаа. Хүмүүсийг нь тавьж өгөхгүй бол болохгүй нь. Намрын чуулган тарахаас өмнө СЗХ-г бүтэн болгомоор байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол УИХ-ын Л.Болд “ШИНЭН-аас иргэдийн тэтгэврийг тэглэх хууль гарсантай холбогдуулж ахмадуудыг хоёр хувааж, тэгш бус хандаж байгааг эсэргүүцэж байгаа. ШИНЭН-аас ахмадуудыг ялгаварлан гадуурхахгүй байх хуулийн төсөл өргөн барина. Ирэх долоо хоногт чуулган завсарлана. Хоёрдугаар сард хууль хэрэгжинэ. Тиймээс бидний хуулийн төсөлтэй холбоотой мэдээллийг ирэх долоо хоногт сонсох боломж байна уу. Энэ талаар тодорхой чиг гаргавал ард иргэд цагаан сарын өмнө төрдөө гомдохгүй байх боломжтой” гэлээ.

Үүнд чуулганыг даргалж буй УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “СЗХ-ны гишүүдийн томилгооны асуудлыг Эдийн засгийн байнгын хорооноос УИХ-ын хэлэлцэх асуудлын дараалалд оруулах санал гаргахыг зөвлөж байна. Мөн тэтгэврийн зээлийг тэглэхтэй холбоотой мэдээллийг Засгийн газраас өгөх учиртай. Засгийн газраас ажлын хэсэг гараад хоёрдугаар сарын 1-нээс өмнө зээлийг тэглэх ажлыг Засгийн газар зохицуулна” хэмээн тайлбарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top