АНУ-ын Лос Анжелес хотын Холби Хиллз дүүргийн нэгэн айлаас нэг мянга гаруй буу, зэвсэг хураан авчээ.
Лос Анжелес хотын цагдаагийнхан хууль бусаар буу зэвсэг үйлдвэрлэн худалдаж буй мэдээллийг шалгах явцад дээрх хэмжээний буу, зэвсгийг илрүүлсэн байна. Цагдаагийн 30 алба хаагч 15 цагийн туршид буу зэвсгийг зөөж, тус байшинг шалгасан байна.
Энэ хэрэгтэй холбогдуулан 57 настай Жирард Саинз гэгч этгээдийг баривчилсан хэдий ч тэрбээр пүрэв гарагийн өглөө 50 мянган ам.долларын барьцаа төлөн суллагдсан байна. Лос Анжелес хотын цагдаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч Саинзийг ямар нэгэн алан хядах ажиллагаа, бүлэглэлтэй холбоотой эсэхийг нотлох баримт одоогоор олдоогүй байна. Буу зэвсгээс гадна, түүний гэрт буу зэвсэг үйлдвэрлэх төхөөрөмж олдсон байна.
Лос Анжелес хотын цагдаа 2015 онд нийт 1200 буу зэвсэг, долоон тонн сум болон бэлэн 230 мянга гаруй ам.долларыг нэгэн айлаас мөн хурааж байсан гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )