Их Британи улс АНУ, Францын нийлүүлэлтээс хамааралгүй болох үүднээс RDX (гексоген) тэсрэх бодис болон их бууны 155 мм-ийн сум үйлдвэрлэх хэмжээгээ эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай The Times сонин мэдээлжээ.
Их Британийн BAE компани их бууны 155 мм-ийн сум үйлдвэрлэх хэмжээгээ хоёр жилийн дотор 16 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа тухай тус компанийн удирдлагын гишүүн Стив Кардью дээрх сонинд ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Мөн тус компани дэлхийд анх удаа гексоген тэсрэх бодис гаргаж авах шинэ технологийг боловсруулаад байгаа гэнэ. Бүх тоног төхөөрөмж нь ачааны стандарт чингэлэгт багтах автомат ажиллагаатай үйлдвэр нь жилд 100 тонн тэсрэх бодис үйлдвэрлэх чадвартай байх ажээ. Төвлөрсөн үйлдвэр барихгүйгээр гексоген тэсрэх бодис гаргаж авах энэ технологийг BAE компани хожим бусад улсад худалдахаар төлөвлөж байгаа юм байна. Их бууны бэлэн сумнуудыг Уэльс дахь BAE компанийн энэ зунаас ажиллаж эхлэх ёстой шинэ үйлдвэрт хийх ажээ.
Сэтгэгдэл ( 0 )