БНХАУ, Их Британи иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер нар хоёр улсын хооронд урт хугацааны тогтвортой иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тохиролцоонд хүрчээ.

Ши Жиньпин Хятад, Британийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь харилцаа ашигтай байх зарчим дээр суурилсан байх ёстой хэмээн илэрхийлээд талууд боловсрол, эрүүл мэнд, санхүү, үйлчилгээний салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхийг санал болгожээ.

Мөн БНХАУ Британийн иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх боломжийг идэвхтэй судалж байгааг дуулгав.

Тэрбээр сүүлийн үед олон улсын дэг журам ноцтой цохилтод өртөх болсон. Олон улсын эрх зүйг бүх улс орон мөрдөж байгаа цагт л үр нөлөөтэй гэдгийг онцлоод ялангуяа их гүрнүүд үүнд тэргүүлэх үүрэг гүйцэтгэхгүй бол дэлхий дахин ширэнгийн хууль руу буцаж очих эрсдэлтэй буйг Ши Жиньпин онцлон тэмдэглэжээ.

Кир Стармер сүлийн найман жилд тохиож буй энэхүү албан ёсны айлчлалын бүрэлдэхүүнд Британийн бизнесийн болон соёлын хүрээний нөлөө бүхий 60 төлөөлөгч багтсан нь хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ, Их Британи Хятадтай харилцах харилцаанд өгч буй ач холбогдлыг гэрчилж байна хэмээн онцолжээ.
Кир Стармер Хятад улс олон улсын хэрэгт голлох үүрэг гүйцэтгэдгийг дурдаад Их Британи дэлхий дахины нүүр тулж буй сорилтыг хамтран даван туулах, энх тайван, тогтвортой байдлыг хангахын төлөө Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн буйг илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top