Цэргийн байгууламжийн ойролцоо цахилгаан автомашин тавихыг хоригложээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 17

Их Британийн батлан хамгаалах яам аюулгүй байдлыг хангах үүднээс цэргийн зориулалттай байгууламжуудын ойролцоо зогсоолд Хятадад үйлдвэрлэсэн эд ангиуд угсарсан цахилгаан автомашин тавихыг хориглосон байна.

Тус улсын хэвлэлд мэдээлснээр, Английн Кембрижшир гүнлэгт байрлах агаарын цэргийн Уитон баазын ажилтнуудад Хятадын технологи ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан автомашинуудаа гол байшин барилгуудаас хамгийн багадаа 3 км зайтай зогсоолд тавьж байхыг үүрэг болгожээ. Ийм тээврийн хэрэгслүүдэд суурилуулсан мэдрэгчүүдийг Хятадын талд тагнуулын мэдээ цуглуулахад ашиглаж байж болзошгүй гэж Их Британийн цэргийн командлал сэтгэл зовниж байгаа аж.

Уитон агаарын цэргийн баазад Австрали, Их Британи, Канад, Шинэ Зеланд болон АНУ багтдаг тагнуулын “Таван нүд” эвслийн шуурхай ажиллагааны төв байрладаг юм байна. Дээрх хязгаарлалт мөн Солсбери хотод байрлах Их Британийн армийн сургалтын төвд үйлчлэх юм. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Volvo, Jaguar Land Rover, Volkswagen, BMW зэрэг бараг бүх томоохон компани Хятадад үйлдвэрлэсэн эд ангиуд ашигладаг аж. MG болон BYD маркийн цахилгаан автомашинуудыг Хятадад бүрэн угсардаг юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu