ТОЙМ: Хятад цахилгаан автомашины их гүрэн болж байна

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 01

Дөрвөн жил завсарласны дараа Бээжин хотноо нээгдсэн автомашины үзэсгэлэнд Хятад улс цахилгаан ирээдүйд хүрэх замд Герман, Япон, АНУ-ын автомашин үйлдвэрлэгчдийг ардаа хол хаяснаа харууллаа. Хятадууд эх орны үйлдвэрийн цахилгаан автомашинаа хөлөглөж, улмаар өрнөдийн зах зээлийг байлдан дагуулахаар эргэлт буцалтгүй шийдсэнийг Бээжингийн автосалон тунхаглав. АНУ, Европ автомашины үйлдвэрүүдээ аврах, дотоод шаталтын хөдөлгүүрийн эрин үеийг уртасгах зорилгоор хямд импортын автомашинд татвар ногдуулаад ч нэмэр болохгүй л байна.

Бээжингийн үзэсгэлэн дээр Хятадын үйлдвэрүүд нэг секундэд 100 км/ц хурд авдаг цахилгаан автомашинуудаа танилцуулж, нэг секундэд нэг км зай туулах цэнэг авах хүчин чадалтай ид шидтэй зайгаар бусдыг алмайруулж, ирэх өвөл гарах нисдэг автомашины урьдчилсан захиалга авах амлалт өгөв.

Хятадын автомашины салбарын эрчимтэй хөгжил Герман, Япон, Америк зэрэг дэлхийн зах зээлийн уламжлалт тэргүүлэгчдийг Бээжингийн авто үзэсгэлэнгийн буланд шахлаа. Харин цахилгаан автомашины зах зээл дээрх хятадуудын гол өрсөлдөгч болох “Tesla” компанийн бүтээгдэхүүнүүд тус салонд үзэгдсэнгүй. Саяхан Илон Маск протекционист бодлого явуулалгүйгээр өрнөдийн автомашины үйлдвэрлэл хятад өрсөлдөгчдөд ялагдана хэмээн сануулж байв. “Хятадын автомашин үйлдвэрлэгчид дэлхийд хамгийн өндөр өрсөлдөх чадвартай. Худалдааны саад тотгоргүйгээр хятадууд дэлхий дээрх бүх өрсөлдөгчөө газрын хөрснөөс зүгээр л арчина” хэмээн хөрөнгө оруулагчид ярьж байв. Үүнийг ч тэр өөрийн биеэр мэдэрсэн. Өнгөрсөн оны сүүлээр “Tesla” компани дэлхийн цахилгаан автомашины зах зээлд тэргүүлэгчийнхээ титмээ анх удаа алдсан. Шалтгаан нь Хятадын “BYD” илүү олон машин борлуулсан байлаа. Хятадуудын шахалт дор “Tesla” үнээ бууруулахаас өөр аргагүйд хүрч, улмаар орлого нь багасаж байна.

Хятадууд ижил автомашиныг илүү хямдаар борлуулна. Төрийн өмчит “Dongfeng” үйлдвэр тухайлбал, гаднах загвараараа Tesla Model 3-тай төстэй “eπ 007” седанаа Хятадын зах зээлд 10 мянган ам.доллароор хямд үнээр санал болгож байна. Хятадын “Geely” компанид очсон “Volvo” компани Tesla Model Y-ын загварын хувилбар EX30 загвараа танилцуулан, найман мянган ам.доллароор бага үнэ санал болгож байна.

Илүү хурдан, илүү сайн, илүү олон

Хятадууд зөвхөн үнээр л байлдан дагуулж байгаа гэвэл үнэнд нийцэхгүй. Тэд өрнөдийн өрсөлдөгчдөөсөө загварын тоо, хөгжүүлэлтээ үйлдвэрлэлд нэвтрүүлэх хурдаараа толгой цохиж байна. Хятадын автомашинууд аватараас авхуулаад нийгмийн сүлжээнд холбогдсон байдал, караоке-гаас авхуулаад автомат жолоодлого хүртэл арвин сонголттой.

Бээжингийн автосалонд энэ жил нийт 278 загвар танилцуулснаас 117 нь шинэ загварууд. Энэхүү зах зээлд хэдэн зуун үйлдвэр гарч ирснээс 20 том, бусад нь стартапууд юм.

Өрсөлдөөн, сонголт хоёр өссөөр л. Өнгөрсөн жил ухаалаг утасны зах зээлд тэргүүлэгч “Huawei”, “Xiaomi” цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбарт хүч үзэхээр орж ирэх үед “Apple” компани Apple-машин төслөө “оршуулж” байлаа.

Хятадын компаниудад инженерүүд нь 6-9-9 буюу долоо хоногт зургаан хоног, өглөөний 9-өөс үдшийн 9 цаг хүртэл гэсэн схемээр ажилладаг. Үүний үр дүнд тэд шинэ хөгжүүлэлтийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хугацааг гурав ба дээш жилээс 1.5 жил болгон богиносгож чаджээ.

Харин өрнөдийн автомашин үйлдвэрлэгчид одоогоор ингэж чадаагүй л байна. Өнгөрсөн оны Мюнхений автомашины үзэсгэлэнгийн үеэр “Volkswagen” энэ хугацааг одоогийн 4.5 жилээс гурван жил болгож богиносгохыг амлаж байв. Гэхдээ зөвхөн шинэ загварын хувьд.

Хурд, сонголт, үнийн ялагдлын үр дүнд өрнөдийн автомашин үйлдвэрлэгчид зах зээлээ алдав. Эхлээд Хятадын, дараа нь дэлхийн зах зээлээ. Хятадад Volkswagen давамгайлж, Mersedes, Audi болон BMW тансагт тооцогддог байсан үе бий. Гэвч энэ эрин үе түүх болохоор яарч байна.

2023 онд Хятадад анх удаа гаднын автомашины борлуулалтын хувь хэмжээ 48 хувь болж буурсан бол хоёр жилийн өмнө 57 хувь байлаа.

Бүхний түрүүнд

Хятад улс нь дэлхийн автомашины хамгийн том зах зээл тул өрсөлдөөнийг улам хурцатгаж байна. Тус зах зээл бензин болон дизель хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэж, ядуу орнууд, ялангуяа Украинтай дайн эхлүүлснээр өрнөдийн автомашины зах зээлд хүрэх боломжгүй болсон ОХУ-д экспортолсон хэвээр байгаа ч дотоод шаталтын хөдөлгүүртэй салах ёс хийхээр шийдээд байна.

Дөрөвдүгээр сард Бээжингийн автомашины үзэсгэлэн нээгдэхээс өмнө Хятадын автомашины зах зээл бэлэг тэмдгийн чанартай хязгаарыг давсан. Зах зээлд борлуулсан шинэ машинуудын 50 гаруй хувь нь цахилгаан хөдөлгүүртэй байлаа.

Цахилгаанжуулалтын хувьд Хятад улс энэ гарагтаа л тэргүүлж байгаа. 2024 онд Хятад дахь цахилгаан автомашины эзлэх хувийг 45 хувьд хүргэнэ. Гэтэл Европт энэ хувь хэмжээ 25, АНУ-д 11 хувь байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолжээ.

Үүний шалтгаан нь төрийн дэмжлэг, зай хураагуурын хүртээмжтэй байдал, хэрэглэгчдийн шинийг эрэлхийлэх хүсэл эрмэлзэлтэй холбоотой. Гэхдээ гол шалтгаан нь үнэ. Ширүүн өрсөлдөөний улмаас одоогоор залуу гэгдэж буй зах зээл дээр үйлдвэрлэгчид үнийн ширүүн дайн явуулж, бүтээгдэхүүнээ алдагдалтай борлуулж, шатаж байна. Үүний дүнд цахилгаан автомашины тэн хагасаас илүү хувь нь бензин, дизель хөдөлгүүртэй автомашинтай ижил үнээр зарагдаж байна.

Харин барууны ертөнцөд цахилгаан автомашин нь энгийн бус тансаг хэрэглээ хэвээр. Үнэ нь уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашиныхаас өндөр.

Хятадууд үүнийг овжин ашиглаж байна. Тус улсын томоохон “BYD” үйлдвэрлэгч “Atto 3” жийпээ дотоодын зах зээл дээр 20 мянган ам.доллароор, Германд 40 мянган ам.доллар борлуулж байна. Өнгөрсөн гуравдугаар сард танилцуулсан тус компани Seagull EV седан загвараа дотооддоо 10 мянган ам.доллароор санал болгож байгаа ба харин Латин Америкт энэ л загвараа 20 мянган ам.доллароор үнэлжээ.

Ирээдүйн машинууд баруунд, хуучных Орост

Хятадууд өрнөдийн худалдааны саад тотгороос ч тэр, өрсөлдөөнөөс ч тэр айхгүй байна. АНУ-д Хятадын автомашинд 27.5 хувийн татвар ногдуулдаг бол Европоо зах зээлээ хамгаалахаар шийдээд байгаа ч одоогоор тодорхой алхам хийгээгүй л байна. Улмаар өнгөрсөн онд Хятад автомашины нийлүүлэлт хоёр дахин нэмэгдэж, ойрын хоёр жилд ямар нэгэн хязгаарлалт хийхгүй бол Хятадад угсарсан автомашины /Tesla-г оруулаад/ эзлэх хувь мөн хоёр дахин өсөж, 20 хувьд хүрнэ гэсэн тооцооллыг Европын комисс гаргажээ.

Хятад улс дэлхийн зах зээлийг байлдан дагуулсаар. Өнгөрсөн онд тус улс 1.2 сая цахилгаан автомашин экспортолсон нь 2022 онтой харьцуулахад 80 хувиар их. Нийт экспортын хэмжээ нь 58 хувиар өсөж, нийт экспортолсон автомашины тоо 4.9 саяд хүрснээр Хятад улс Японыг “дэлхийд 1” гэсэн байр сууринаас нь буулгаж дөнгөв. Үүнээс нэг жилийн өмнө Германыг гүйцэж түрүүлсэн билээ.

Цахилгаан автомашины үйлдвэрлэл үсрэнгүй хөгжиж байгаагийн зэрэгцээ Хятадын хуучин загваруудад Орос хэмээх шинэ зах зээл гэнэт гарч ирсэн нь экспорт нь өсөхөд нөлөөлжээ. ОХУ-д Хятадын автомашины борлуулалт өнгөрсөн онд 500 гаруй хувиар өсөж, 800 мянгад хүрчээ. Өрнөдийн автомашин үйлдвэрлэгчдийг бодвол Хятадын компаниуд өөрсдийн үйлдвэрээ тэнд нээхээр яарахгүй байгаа бөгөөд өрсөлдөөн үгүй зах зээл дээр шууд борлуулалт хийх замаар их хэмжээний ашиг олж байна.

Арван жилийн дараа гэхэд дэлхийд борлуулагдаж буй хоёр автомашин тутмын нэг нь цахилгаан хөдөлгүүртэй байна гэж Олон улсын эрчим хүчний агентлаг тооцоолж байна. Ингэснээр газрын тосны эрэлтийг ойролцоогоор хоногт 10 сая баррелиар бууруулна. Энэ нь АНУ-ын тээврийн хэрэгслүүдийн нийт хэрэглээтэй тэнцэх хэмжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top