
Их Британийн хаан III Чарльз хатан Камиллагийн хамтаар АНУ-д албан ёсны айлчлал хийж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, тэргүүн хатагтай Меланиа Трамп нар зочдоо Цагаан ордонд хүлээн авчээ.
Өнөөдөр /2026.04.28/ хаан III Чарльз Конгрессын хоёр танхимд үг хэлэхээр төлөвлөж байна. Энэ нь Их Британийн хаан АНУ-ын парламентад үг хэлж буй түүхэн дэх хоёрдох тохиолдол юм. Үүнээс өмнө Их Британийн хатан хаан II Элизабет 1991 онд үг хэлж байжээ.
Үүний дараа хаан III Чарльз хатны хамтаар Нью Йорк хотод 2001 оны есдүгээр сарын 11-ий алан хядах ажиллагааны хохирогчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцоно.
Энэ удаагийн айлчлал нь 2007 оноос хойш Их Британийн хааны АНУ-д хийж буй анхны айлчлал.
Associated Press агентлагийн онцолсноор, хаан III Чарльз энэхүү айлчлалаар Ираны хямралаас болж хүйтрээд байгаа АНУ, Британийн уламжлалт харилцааг сэргээхээр зорьж байна. Өнгөрсөн гуравдугаар сард Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер Иранд цохилт өгөх зорилгоор Британийн цэргийн баазуудыг ашиглахыг АНУ-д зөвшөөрөөгүйн дээр Ормузын хоолой руу цэргийн хөлгүүдээ илгээхээс татгалзсан билээ.
Дөрөвдүгээр сарын 1-нд Цагаан ордны тэргүүн “The Telegraph“ сонинд өгсөн ярилцлагадаа Их Британийн хөлөг онгоцнууд хэт хуучирсан тул Ормузын хоолойг нээхэд оролцож чадахгүй байсан гэж мэдэгдсэн юм.
Үүний хариуд Кир Стармер “ITV News”-д өгсөн ярилцлагадаа “Путин эсвэл Трампын үйлдлээс болж дэлхий даяар эрчим хүчний үнэ эсвэл өсөж, эсвэл унаж байгаагаас залхаж байна” гэж мэдэгдсэн. Тэрбээр “The Guardian” хэвлэлд “Их Британийн засгийн газар байгалийн хийн үнээр тоглож байгаа дарангуйлагчдаас салахын тулд эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж байна” гэж онцолж байв.
Үүний зэрэгцээ Трамп, Вашингтон, Лондонгийн харилцаа хүйтэрсэн явдал нь Их Британийн хааны АНУ-д хийх айлчлалд нөлөөлөхгүй гээд учир нь хаан III Чарльз НАТО-той ямар ч холбоогүй бөгөөд “сайн анд” хэмээн илэрхийлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )