Их Британийн хаан III Чарльз АНУ-ын Конгресст үг хэлэв

Я.Болор | Zindaa.mn
56 минутын өмнө

АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Их Британийн хаан III Чарльз Конгресст хэлсэн үгэндээ улс төрийн хүчирхийллийг буруушааж, Британийн ард иргэдийн өмнөөс АНУ-ын ард түмэнд хүндэтгэл, эв санааны нэгдлийг илэрхийлэх зорилгоор хүрэлцэн ирснээ илэрхийлэв.

Тэрбээр тодорхойгүй байдал, Европ, Ойрх Дорнод дахь мөргөлдөөнүүд дэлхий дахинд сорилт болж буйг онцлоод нэг ч үндэстэн ганцаар эдгээрийг шийдвэрлэж чадахгүй. Тус хоёр улс аюулгүй байдлыг хангах салбарын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх ихээхэн нөөц, бололцоотой бөгөөд Нэгдсэн Вант Улсад тулгарч буй заналхийлэлтэй тэмцэхийн тулд батлан хамгаалах салбараа шинэчлэх шаардлагатай байгаа ба үүнтэй холбогдуулан тус салбарын төсвийг нэмэгдүүлж буйг дурдлаа.

АНУ, Их Британийн түншлэлийн хүчийг нийтийн дайсныг сөрөх, дэлхий дахинд энх тайвныг тогтооход ашигласаар ирсэн бөгөөд өдгөө Украиныг хамгаалахад шаардлагатай байна гэж хаан III Чарльз онцлон тэмдэглэжээ.

Байгаль орчныг хамгаалахын төлөө идэвхтэй тэмцдэг идэвхтний хувьд хаан III Чарльз байгаль орчныг хамгаалах нь ирээдүйд шийдвэрлэх ач холбогдолтой болохыг илэрхийлэв. “Хүрээлэн буй үзэсгэлэнт байгалийг бишрэхдээ манай үе байгалийн амин чухал системийн сүйрэлтэй хэрхэн тэмцэх талаар шийдвэр гаргах ёстой. Байгалийн систем нь бидний хөгжил цэцэглэлт, үндэсний аюулгүй байдлын үндэс суурь гэдгийг бид умартаж байна гэж анхааруулжээ.

“250 жилийн өмнөх гашуун түүхээс бид нөхөрлөлийг сийлэн гаргаж, бидний энэ нөхөрлөл хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал холбооны нэг болсон юм” гэж Их Британийн хаан онцлон тэмдэглэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top