Их Британийн засгийн газар ирэх дөрвөн жилд зэвсэгт хүчнийхээ хэрэгцээнд зориулсан дрон үйлдвэрлэхэд нийт таван тэрбум фунт буюу 6.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна.
Хөрөнгө оруулалтыг Британийн арми болон хааны нисэх хүчин болон тэнгисийн хүчний хэрэгцээнд зориулсан дроны хөгжүүлэлтэд зарцуулахаар төлөвлөжээ. Үүний сацуу энэ сард Суидон хотноо нээгдсэн Европт хамгийн томд тооцогдох дроны туршилтын төвийн үйл ажиллагааг дэмжихэд мөн энэхүү санхүүжилт чиглэгдэнэ.
“Дайны ажиллагаа хурдацтай өөрчлөгдөж байна. Украин болон Ойрх Дорнод дахь мөргөлдөөнд дронууд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Их Британийн түүхэнд эдгээр технологид оруулж буй томоохон хөрөнгө оруулалт нь Их Британийн зэвсэгт хүчинд сөргөлдөгч орнуудаас түрүүнд алхах, батлан хамгаалах салбарын компаниудыг дэмжих боломжийг нээнэ” гэж Их Британийн батлан хамгаалахын сайд Дэн Жарвис мэдэгджээ.
Үүнтэй зэрэгцэн, хааны тэнгисийн хүчин хиймэл оюуны технологийг цэргийн хөлөг онгоц, нисдэг онгоцнуудад нэвтрүүлснээр хайбрид хүчин болж шинэчлэгдэж байна. Хааны нисэх хүчний хувьд, нисгэгчгүй сөнөөгч онгоц боловсруулалтад хөрөнгө оруулах бөгөөд нисгэгчгүй сөнөөгч онгоцнууд нь нисгэгчтэй онгоцнуудтай зэрэгцэн нислэг үйлдэх юм. Нисгэгчгүй сөнөөгч онгоцны эхний загварыг 2030 онд танилцуулахаар төлөвлөж байна. Энэ он гэхэд хааны нисэх хүчний зэвсэглэлд “Storm Shroud” дронууд орж ирэх аж.

Сэтгэгдэл ( 0 )