Морин хуур, домборын аялгуутай найрсаж, Монголын болоод дэлхийн сонгодог эгшиглүүлнэ

Админ | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын театр нь Үндэсний цөөнх Казак түмний соёлыг түгээх, дэмжих, хөгжүүлэх зорилготой. Тус театр нь казак үндэсний найрал хөгжим, хоор драм, бүжиг гэсэн гурван уран бүтээлийн ангитай. Найрал хөгжмийн анги эгшиглээд өдгөө 60 жил болж байна. Түүхт ойг тохиолдуулж Монгол, Казак хоёр үндэстний хөгжим домбор, морин хуурын найрал хөгжмийн тоглолтыг Монголд анх удаа хийх гэж байна. Энэ талаар тус театрын дарга Б.Асылбектэй ярилцлаа.


-Ярианыхаа эхэнд Баян-Өлгийн аймгийн Хөгжимт Драмын театрын үүх түүхээс яриагаа эхлэе?

-М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын театр 1956 оны 11сарын  26-нд онд анх хөшгөө нээсэн.  Найрал хөгжмийн анги 1959 онд үүсээд 60 жил болжээ. Энэ ойд зориулж түүхэнд тэмдэглүүштэй тоглолт зохион байгуулах гэж байна. Монгол, Казак хоёр үндэсний хөгжим домбор, морин хуурын найрал хөгжимтэй тоглолт Монголд байтугай дэлхийд болж байгаагүй. Домборын аялгуунд  дэлхийн сонгодогууд хэрхэн эгшиглэдгийг, морин хуурын эгшигтэй хэрхэн зохицон уянгалдгийг нэгэн дор сонсож болох нь ээ. Өнгөрөгч онд БСШУСЯ –аас манай театрыг 35 сая төгрөгийн үнэ бүхий казак түмний үндэсний хөгжим басс домбор, контор басс домбор, кобыз /морин хууртай төстэй татлага хөгжим / хөгжмөөр хангасан.

-Танай театраас хэн хэн гэдэг алдартнууд төрсөн бэ?

-Манай театраас таван ардын жүжигчин, зургаан гавъяат төрсөн. Хөгжмийн ангийг үндэслэгч гавъяат жүжигчид Х.Ахметбек, Ф.Бержан, А.Хаукей нарын удирдаачид болон Х.Мусайф, Х.Төлеухан нарын дараа дараагийн үеийн хөгжмийн удирдаачид уран бүтээлээ туурвиж ирсэн.

-Тоглолтыг санаачлагч, дэмжигч байгууллага?

Санаачлагч нь манай театр. Аймгийн ЗДТГ, ИТХ, Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга Н.Телеухан, УИХ-ийн гишүүн Х.Баделхаан, Д.Мурат, БНКУ-ын Элчин Сайдын Яам, Аймгийн Засаг дарга А.Гылымхан нар бидний ажлыг дэмжиж байгаад юуны өмнө талархал илэрхийлье.

-Тоглолтоор ямар ямар бүтээлүүд эгшиглэх вэ?

-Казак үндэсний найрал хөгжим морин хууртай хамтран Төрийн соёрхолт Б.Шаравын “Сэрсэн тал”, Төрийн шагналт Ж.Чулууны “Уран хас”, Ц.Нацагдоржийн “Тэмээчдийн уралдаан”  гээд Монголынхоо сонгодогуудыг тоглоно. Морин хуурын чуулгатай казак дуу эгшиглэнэ. Монгол улсын филармоны дарга Ч. Даваасүрэн, Монгол Улсын филармоны ерөнхий найруулагч С.Сүхбаатар, уран сайхны удирдагч З.Хосбаяр нарын дэмжлэгээр морин хуур, домбор хөгжмийн бэлтгэл гурван сараас эхлээд явагдаж байна.

-Домбор хөгжим дахин давтагдашгүй хөг аялгуутай. Энэ хөгжмийн дуугаралт, бүтцийн талаар яривал?

-Бүх төрлийн хөгжмийг тоглох бүрэн боломжтой, казак түмний аж амьдрал, баяр гуниг, нүүдлийн соёл ахуйг илэрхийлсэн хөгжим. Онцлог гэвэл гарын хурдан цохилт, хэмнэл байдаг. Энэ хөгжим нь том модон шанага шиг хэлбэртэй. Нүүр, иш, чих гэсэн бүтэцтэй. Урьд өмнө нь нарс модыг хэлбэрт оруулан зорж, цар үүсгэн хатаагаад дээр нь хавтгай мод нааж, хонь ямааны өлөн гэдсээр утас ээрч чавхдас болгоод, ая данг нь тааруулснаар домбор бэлэн болдог байжээ. Орчин цагт домборын утсыг синтетик материалаар хийх болсон.

-Домбор хөгжмийн домог хуучаас хуваалцана уу?

-Домбор хөгжмийн домог нь эрт цагт нэгэн дошгин ноёны хүү ан авд яваад сураггүй болжээ. Хүүгийн эцэг албатуудаа тал тат тийш одуулж хайлгасан боловч олдсонгүй. Тэрээр муу мэдээ сонсохгүй гэсэндээ хүүгийнх нь талаар муу мэдээ сонсгосон хүний хоолой тугалга цутгана гэсэн зарлиг гаргав. Эрэлчид олон хоног хайсаар, эцэст нь хүүг үхсэн байхыг олжээ. Гэхдээ ноёнд хэрхэн айлтгахаа мэдэхгүй байв. Харин оюун ухаанаараа улсдаа гайхагддаг нэгэн залуу эзэн носныдоо очиж домбороор гунигт аялгуу эгшиглүүлэхэд эцэг нь хүүгээ тааалал төгссөнийг ойлгож, хэнийг ч шийтгэлгүй, домбор руу тугалга цутгасан гэдэг. Үүнээс хойш домборын царанд тугалга цутгадаг уламжлалтай болжээ.

-Театрын хамт олны хийж бүтээж байгаа ажлаас дурдвал?

- Би театрын даргын албыг гурван жил хашиж байна Найрал хөгжмийнхөө 60 жилийн ойд Баян-Өлгий аймагт  анх хөшиг нээсэн өдөр Казакстаны театрыг урьж тоглолт хийнэ. Есдүгээр сард Казакстаны Актау хотод Олон Улсын Драмын фестивальд оролцоно. Турк улсаас долдугаар сард Олон Улсын наадамд уригдсан. Аймгийнхаа 13 сумаар театр бүрэн бүрэлдэхүүнээрээ аялан тоглолт хийдэг. Ирэх намар бас хийх төлөвлөгөөтэй байгаа. Орон нутгийн театрт гадаадын соёл урлагийн салбартай холбоотой байх боломж дүүрэн байна

-Баян-Өлгийн театр ямар хэл дээр жүжгээ тавьдаг вэ?

-“Шилдэг бүтээл -2018” онд 33 жилийн дараа монгол хэлээр жүжиг тавьж баруун бүсдээ хоёрдугаар байрандЗавхан аймгийн дараа орсон. Эрдэмтэн Э.Оюун багшийн нэрэмжит “Хэзээ ч мартахгүй” хэмээх түүхэн жүжгээр оролцсон.Түүхэндээ анх удаа Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралыг харуулсан МУСГЗ Ц.Хулангийн “Монгол ардын суут” жүжгийг МУСГЗ Р.Сураганы орчуулгаар казак хэл дээр тавьсан. Монголд казак түмэн нүүж суурьшсаны 150 жилийн ойд Шинжлэх Ухааны гавьяат, зохиолч Х.Ислам гуайн “Өвгөдийн гэрээслэл” түүхэн жүжгийг тавьсан. Мөн МУСГЗ.Т.Султаны Бөртө чоно жүжгийг 2018 онд тавьж байсан.

-Цаашид хийх уран бүтээлийн ямар ямар төлөвлөгөөтэй байна вэ?

-Өнгөрсөн хоёр жил түүхэн жүжигт анхаарсан бол ирж буй жил аялан тоглолт, цаг үеийн сэдэвтэй орчин үеийн бүтээл дээр анхаарч ажиллана. Орон нутгийн иргэдийг соён гэгээрүүлэхээс гадна олон улсад Монголынхоо нэрийг гаргах үүднээс өнгөрсөн жил БНХАУ-д уран бүтээлчдээ ажиллуулаа. Саяхан Казакстан улсын Семей хотод Улсын филармоны урилгаар Монголын соёлын биет бус өвийг сурталчлаад ирлээ.

-Морин хуур, домборын эгшигтэй ямар ямар бүтээл гарсан байдаг вэ?

-2014 онд морин хуур домборын хослолоор “Жалам хар”, “Эхийн тухай дуу”-аар клип хийсэн. Энэ бол одоо хийх гэж байгаа тоглолтын эх үндэс гэж хэлж болно. Манай театр Улаанбаатарт “Морин хуур”ын чуулгатай хамтарч тоглолтоо хийчихээд, дараа нь Казакстаны найрал хөгжимтэй нэгдэж ажиллах төлөвлөгөөтэй байна.

-Морин хуур, домборын тоглолт хаана, хэзээ болох вэ?

-Энэ сарын 25, 26-нд Улсын Филармоны тайзнаа хоёр удаа тоглогдоно.

А.Сүглэгмаа

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.38) 2019 оны 05 сарын 15

Үнэхээр гайхалтай юм болох нь ээ.амжилт хүсэе.

1  |  0
Top