“Тамирчдын өдөр”-өөр спортын заал танхим үнэгүй үйлчилнэ

Админ | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Биеийн тамир, спортын газраас Монголын “Тамирчдын өдөр”-ийн талаар өнөөдөр /2019.06.19/ мэдээлэл хийлээ. 

“Тамирчдын өдөр”-ийг “Олон улсын олимпын өдөр”, “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган, энэ сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна. “Тамирчдын өдөр”-өөр МҮОХ-ны музей, нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны заал, танхимаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой ажээ. 

Энэ өдрийг салбарын ололт амжилт, олимпизмын үзэл санаа, шинээр байгуулагдсан спорт хороодыг олон нийтэд сурталчлах, иргэдэд спортын үйлчилгээ үзүүлэх, салбарын албан хаагч, ажилтныг шагнаж урамшуулах, олимпын наадамд оролцогчдод хүндэтгэл үзүүлэх зорилгоор 2010 оноос эхлэн жил бүр тэмдэглэж байна. 

Өдөрлөгийн үеэр ёслол хүндэтгэлийн арга хэмжээнээс гадна спорт, урлагийн үзүүлэн тоглолт болж, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулж, сурталчилна.

МҮОХ-ны мэргэжилтэн З.Гомбодорж “Энэ жил орчин үеийн олимпын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 125 жилийн ой тохиож байна. Тийм учраас дэлхий даяар олимпын өдрийг өргөн цар хүрээтэй тэмдэглэнэ. Мөн “Токио 2020” олимпын наадамд оролцох монгол тамирчдаа дэмжин ажиллах “Токио олимп сан” энэ үеэр нээлтээ хийнэ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Н.ХАЛИУНАА

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top