Х.Баделхан: Ирэх онд ипотекийн зээлд 500 тэрбум төгрөг зарцуулах ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 21

Монгол Улсын бүтээн байгуулалтын гол талбар болох барилга, хот байгуулалтын салбарын үйл ажиллагаа өргөн тэлж, хямралаас гарч байгааг өчигдөр /2019.06.21/ БХБЯ-ны удирдлагууд зарлалаа.

БХБ-ын сайд Х.Баделхан “Энэ жил барилгын салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.9 их наяд төгрөг буюу түүхэнд байгаагүй гэж хэлж болохуйц их хэмжээний хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжихээр боллоо. Барилгын салбарын хэмжээнд 989 төсөл хэрэгжихээс БХБ-ын сайдын багцын хүрээнд 322.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 157 төсөл арга хэмжээ хэрэгжихээр тусгагдсан. Сүүлийн таван жилд цементийн үйлдвэрлэл зургаа, бетон зуурмагийн үйлдвэрлэл дөрөв, тоосгоны үйлдвэрлэл 1.5, хөнгөн бетоны үйлдвэрлэл хоёр, бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн нь барилгын салбарын хүчин чадал хэрхэн өсөн нэмэгдэж буйг бүрэн илэрхийлнэ. Түүнчлэн сүүлийн таван жилд 350 гаруй жижиг, дунд үйлдвэр шинээр ашиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэдэг 40 гаруй нэр төрлийн материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон. Мөн ипотекийн зээлийн эх үүсвэрийг Засгийн газрын шийдвэрээр хоёр дахин нэмэгдүүлсэн. Иргэд түрээсийн орон сууцыг өмчлөх боломжийг бүрдүүлсэн. 150 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг үе шаттай зохион байгуулах үндэсний хөтөлбөрийг батлуулж, түрээсийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс БНСУ-ын нэн хөнгөлөлттэй зээлээр “Солонго-1, 2” хорооллыг Буянт-Ухаагийн дэнжид барих,   БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Ногоон нуур 1008” айлын орон сууцны хөтөлбөрийг эхлүүлэхэд бэлэн болоод байна” хэмээн мэдээлэл өглөө. 

Уг мэдээллийн үеэр БХБ-ын сайд Х.Баделханаас дараах асуултад хариулт авлаа. 

-“150 мянган айлын орон сууц” үндэсний хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу БХБЯ-наас 2019.05.22-ны өдөр “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, батлуулсан. Хөтөлбөрийг 2019-2023 оны хооронд хэрэгжүүлэх юм. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хувийн компаниудаа дайчилна. Өнөөдөр Монголд барилга барьж байгаа компаниуд бүгд хувийнх. Энэ компаниуд л барилга, орон сууцыг барина. Төслийг хүрээнд Улаанбаатар хотод 100 мянган айлын орон сууц барьж, ашиглалтад оруулах юм. Үүний өмнө инженерийн дэд бүтцээ шийдэх хэрэгтэй. Хятадаас хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламж авч байгаа. Энэ мөнгөөр инженерийн дэд бүтцийг шийдвэрлэнэ. Энэ ондоо багтааж 700 сая юанийн төсөл хэрэгжүүлэхээр шийдсэн. Орон сууцны хөрөнгө босгох нэг том ажил бий. Бид олон улсын хандивлагч байгууллагаас тусламж авна. Улсын төсвийн хөрөнгөөр зорилтод бүлэгт чиглэсэн орон сууцыг барих төслийг хэрэгжүүлнэ. Ерөөс гадна, дотноос хөрөнгө босгож, 150 мянган айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлнэ гэсэн төлөвлөгөө гаргаад байгаа.

-Барилгын материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэж эхэлжээ. Дотооддоо барилгын материалаа үйлдвэрлэж эхэлбэл орон сууцны үнэ буурна гэж олон жил ярьсан. Орон сууцны үнэ буурах уу?

-Бид барилгын салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулаад, бэлэн болж байна. Мөн 2045 он хүртэлх бодлогын баримт бичгийг боловсруулахаар нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Энэ бодлогын баримт бичгүүдэд суулгаж өгсөн гол асуудал нь орон сууцны үнэд нөлөөлж байгаа гол түүхий эд, материалын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх явдал. Барилгын салбарт төрөөс баримтлах бодлогыг тогтворжуулах, эрчимтэй хөгжлийн гараа, олон улсын жишигт хүрч хөгжүүлэх гэсэн үндсэн гурван үе шаттай хөгжүүлэхээр тусгасан байгаа. Яаж хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө ч гаргачихсан. Шил, арматур зэрэг орон сууцны үнэд нөлөөлөхүйц жин дарж байгаа материалуудын үйлдвэрлэлийг илүүтэй хөгжүүлнэ. Бид цементийг дотооддоо үйлдвэрлээд, хэрэглээгээ 100 хувь хангачихлаа. Одоо арматурын үйлдвэрлэлд онцгой анхаарах ёстой гэж бодлого гаргаад ажиллаж байна. Гэхдээ нэг үеэ бодвол орон сууцны үнэ бага зэрэг буурсан. Цаашид өсөхгүй, үнэ харьцангуй тогтворжсон. Харин ч үнэ буурах боломжтой гэсэн тооцоолол гаргаад ажиллаж байна.

-Хоёр улсын хооронд байгуулсан гэрээнд асуудал гарч Төв цэвэрлэх байгууламжийн ажил зогссон гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Төв цэвэрлэх байгууламж барих ажил түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ. Тиймээс гол том ажил нь зураг төсөл гаргах. Энэ ажил үндсэндээ дуусаж байна. Бид гүйцэтгэгч талтай долоодугаар сарын эхнээс газар шорооны ажлаа эхэлье гэж яриад, төлөвлөж байгаа. Саяхан “Экзим” банкны төлөөлөгчид манай яаманд ажиллаад, санхүүжилтийн нарийвчилсан төлөвлөгөөгөө гаргаад дууссан. Газар шорооны ажил эхлээгүй боловч зураг, төслөө өнгөрсөн хугацаанд гаргаад, бэлэн болсон гэж ойлгож болно. Гэрээ ёсоор 35 сарын хугацаанд энэ ажлыг хийж дуусгана. Долоодугаар сард ажил эхэллээ гэхэд эхэлсэн өдрөөсөө хугацааг тоолно. Бид гэрээндээ хугацааг үе шат болгоноор нарийвчилж тогтоосон. Хэрвээ үе шат, хугацаа хоцорвол гүйцэтгэгч тал алданги хүлээх хатуу гэрээтэй.

-Засгийн газраас түрээсийн орон сууны журмыг баталсан. Энэ журмын хүрээнд орон сууцандаа ороод, гэрээ байгуулсан иргэн байгаа юу?

-Одоогоор 3000 айлын орон сууц түрээсийн санд байна. Манай журмаар таван жил хүртэлх хугацаанд түрээсэлнэ. Түрээслэгч өөрөө хүсэлт гаргаад, орон сууцаа өмчилж авах боломжтой. Нэгдүгээрт, орон сууцаа түрээслээд таван жил амьдраад, тэр хугацаандаа урьдчилгаагаа цуглуулж болно. Мөн сар бүрийн түрээс дээрээ тодорхой хэмжээний мөнгө нэмж өгөөд, урьдчилгаа бүрдүүлж, ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Үгүй бол байрныхаа үнийг таван жилд хувааж төлөөд, шууд өмчилж болно. Одоогийн байдлаар иргэдээс өмчилж авах хүсэлтүүд ирж байгаа. Ойрын хугацаанд хүсэлтүүдийг шийдээд явна. Үндсэндээ хүсэлт гаргасан иргэний түрээсийн төлбөрийг 70 хувь хөнгөлж байгаа. 300 мянган төгрөг түрээсийн мөнгө гэж өгдөг гэж бодъё. Тэгвэл өмчлөх хүсэлт гаргаснаар 30 хувиа л түрээсэнд өгнө. 70 хувиа урьдчилгаандаа өгчихөж болно. 

-Ипотекийн зээлийн санхүүжилтийг арилжааны банкуудад хуваарилж өгдөг. Гэтэл арилжааны банкууд иргэдийг ихээхэн хүндрүүлдэг. Банкуудыг хэрхэн хянадаг вэ?

-Бид журмаа батлуулаад, Сангийн яам, Монголбанк, БХБЯ гурав гэрээ байгуулсан. Энэ гэрээнд төсвөөс мөнгө гаргаж байгаа бол тэр нь зорилтод бүлэгтээ хүрч байна уу гэдгийг хамтарсан ажлын хэсэг шалгана гээд заагаад өгчихсөн.

-Амины орон сууцнуудыг ипотекийн зээлд хамруулна гэсэн. Хэзээнээс журам хэрэгжих вэ?

-Орон сууцны ипотекийн зээлийн тогтолцоо нэгэнт бий болсон. Харин амины орон сууцанд ипотекийн зээл олгохын тулд журамд байгаа хэд хэдэн заалтыг зайлшгүй тодруулах шаардлагатай байгаа. Нэгдүгээрт, цахим мэдээллийн сан ажиллуулах ёстой. Амины орон сууцны зургийг гаргах шаардлагатай. Тэр зураг нь заавал магадлалаар орсон байна. Магадлалаар орохын тулд гурав дөрвөн норм стандартыг хангана. Нөгөө л дулааны алдагдалгүй, агаарын бохирдлын эсрэг байх ёстой гэх мэт стандарт. Бид цахим мэдээллийн сангаа хийгээд дууссан. Мөн Монголын ипотекийн корпорац, банкуудын холбооныхонтой уулзсан. Банкууд зээл олгох журмаа тодорхой болгох шаардлагатай байсан. Тиймээс амины орон сууцны ипотекийн зээл олгох нарийвчилсан аргачлалыг бид боловсруулсан. Цаашлаад Улаанбаатар хотод, гэр хорооллын дунд амины орон сууц барина гэвэл төвлөрсөн болоод хэсэгчилсэн инженерийн бүтэцтэй, шийдэлтэй байх шаардлага тавьж байгаа. Банкууд өөрсдөө эрсдэл хүлээнэ. Нэг хүнд амины орон сууц барихад нь зориулаад зээл өгчихдөг. Тэр байшин нь 30 жилийн хугацаанд үл хөдлөх хөрөнгө болж чадах уу гэдэг асуудал ч гарч ирнэ. Тиймээс бид зөвлөх үйлчилгээний компанийг оруулах заалтыг журамд оруулж өгсөн. Зөвлөх үйлчилгээний компани нь банктай гэрээ байгуулаад, амины орон сууц барьж байгаа хүн магадлагдсан зургийн дагуу байшингаа барьж буйг нь хянаснаар санхүүжилт нь ордог байх юм. Энэ журмыг бид ирэх долоо хоногт батална. 120 ам.метр амины орон сууцанд 60 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно.

-2020 оноос ипотекийн зээлийг Засгийн газар хариуцна. Танай яамнаас ипотекийн зээлийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар ажил хийж байна вэ?

-Монгол Улсыг 2020 онд хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл саяхан УИХ-аар батлагдсан. Энэ чиглэлд бид ирэх онд ипотекийн зээлд доод тал нь 500 тэрбум төгрөг зарцуулах ёстой гэж тусгаад, батлуулсан. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс ипотекийн зээлийн хөтөлбөрөөс гарах шаардлагыг ОУВС-гаас Монголбанкинд тавьсан. Хэрвээ хөтөлбөрөөс Монголбанк гарсан тохиолдолд төсөвт суулгаж өгөх ёстой гээд үндсэн чиглэлд оруулчихсан байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top