ӨМНӨГОВЬ: 20 гаруй мал тодорхойгүй шалтгаанаар үхжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 07 сарын 22

Өмнөговь аймгийн нутагт 20 гаруй мал гэнэт үхсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч ажиллажээ.

Тус аймгийн Мал эмнэлгийн газарт энэ сарын 15-нд мал олноор үхлээ гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу газар дээр нь буюу аймгийн төвөөс баруун тийш есөн км-т байх Олдохын худгийн орчимд нутаглаж байгаа малчин О, Б нарын хорогдсон малаас дээж авч, шинжилгээнд явуулсан байна. Мөн 16-нд дахин хоёр ишиг гэнэт үхснийг дээж авч, нийт сэг зэмийг устгалд оруулжээ. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарна гэж холбогдох албаныхан мэдээллээ.

Малчдын хэлж байгаагаар малаа усалсны дараа мал нь гэнэт үхсэн байна. Гэхдээ эл худгаас малчид өөрсдөө ундны усаа авдаг тул хүмүүст сөргөөр нөлөөлөх зүйлийг мэдрээгүй гэж байлаа.

Мал эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр дээрх мал хортой ургамал идсэн байж магадгүй гэж үзэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top