“Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн эхний шатыг 2019 оны долоодугаар сарын 29-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод, хоёрдугаар үе шатыг 2019 оны наймдугаар сарын 09-нд Төрийн ордонд зохион байгуулна.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших төрийн тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруу орчимд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй нь байгаль орчны экосистем болон нутгийн уугуул иргэдийн эрх ашигт хор хохирол учруулж буй эсэх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудал өрнөөд буй. Тиймээс Өмнөговь аймгийн иргэдийн санаачилгаар тал бүрийн тайлбар, мэдээлэл, байр суурийг харилцан солилцож, ойлголтын зөрүүг багасгах, улмаар үүсээд буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон билээ.
Уг Үндэсний хэлэлцүүлгийг “Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулахаар бэлтгэж буй бөгөөд хоёр үе шаттай явуулахаар шийдвэрлэсэн байна. Тодруулбал, эхний хэлэлцүүлгийг 2019 оны долоодугаар сарын 29-нд Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод зохион байгуулах бөгөөд нутгийн иргэд, байгаль орчны мэргэжилтэн, судлаачид болон энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, компаниудын төлөөлөл, шийдвэр гаргах түвшний нийт 300 гаруй хүн оролцохоор болсон байна.
Хэлэлцүүлгийн хоёрдугаар шат 2019 оны наймдугаар сарын 09-нд Улаанбаатар хотноо Төрийн ордонд товлогдсон бөгөөд уг хэлэлцүүлэгт шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, салбар яамд, төрийн байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллагууд, эвсэл холбоод, нутгийн иргэд зэрэг нийт 120 хүнийг хамруулахаар болжээ. Хэлэлцүүлгээр уг асуудалд холбогдох болон асуудлыг харьяалах бүхий л байгууллагын мэдээллийг нээлттэй сонсч, харилцан санал солилцох юм байна.
Сэтгэгдэл ( 0 )