Тосон бумбын нурууны хамгаалалтын багийг чадавхжуулах сургалт хийжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 05

Ирвэс хамгаалах сангаас Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны багийг дэмжих, чадавхжуулах зорилгоор Их Нартын Байгалийн нөөц газартай хамтран туршлага судлах аяллыг зохион байгууллаа. 

Мөн түүнчлэн энэхүү ажлын хүрээнд өнгөрөгч долдугаар сарын 1-ний өдөр Хустайн нурууны Байгалийн цогцолбор газартай хамтран туршлага судлах аяллыг Ирвэс хамгаалах сан-аас зохион байгуулсан байдаг. 

Эргэн сануулахад, 2019 оны наймдугаар сард Монгол Улсын Засгийн газраас Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газарт өргөтгөлөөр авах тухай тогтоолыг гаргасан байдаг. Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрыг 153482.37 га талбайгаар нэмэгдүүлэн нийт 896540.37 га талбайгаар хилийн заагийг шинэчлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү талбайг Улсын тусгай хамгаалалтад авснаар Тост, Тосон бумбын нурууны 869540.47 га газарт буюу бүхэлд нь ямар ч компани уул уурхайн ашиглалт, олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон юм. 

Тост, Тосон Бумбын нуруу нь аймгийн төв Даланзадгад хотоос баруун зүгт 308 км зайд, Гурвантэс сумаас баруун тийш 40 км зайд, Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хилээс 25 км зайд, өмнө талаараа улсын хилд тулж, хойд талаараа Нэмэгтийн нуруу болон Алтан уул зэргээс өргөн хөндий, хоолойгоор тусгаарлагдан оршдог. Тост, тосон бумбын нуруунд усан хагалбар зэргэлдээх уул хоорондын хөндийн газар доорх усны тэжээлийн гадаад муж давхцан оршдог. Иймээс энэ нуруунд бүрэлдэж байгаа урсац Хөвд орчмын булаг шанд, баян бүрдүүд цаашлаад Хуршуутын гол, Нарийн сухайт орчмын олон тооны худаг ус булаг шандыг тэжээж байдаг учир уул уурхайн ашиглалтын явцад хатаж ширгэх, устаж үгүй болох аюул нүүрлээд байсан юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top