Уул уурхайн салбар хүрээлэн буй орчинд хүчтэй, олон талын нөлөө үзүүлдэг үйлдвэрлэлийн тоонд ордог ба уул уурхайн компанийн олборлож буй металл, ашигт малтмал нь байгаль орчныг бохирдуулж байдаг. Үйлдвэрлэл, олборлолт нь байгаль орчны унаган төрхийг өөрчлөхийн зэрэгцээ ашигт эрдсүүдийг ялган авах явцад дагалдах эрдэс болох хүхэр, хүнцэл зэргийг зөв ялган авахгүй бол хүрээлэн буй орчинд маш их хортой. Тийм учраас энэ салбараас асар их хариуцлага шаардагдана. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд уул уурхайн үйлдвэрлэл асар хурдацтай нэмэгдсэн. Түүнийгээ дагаад хариуцлага яригдах ёстой ч уул уурхайн компаниудын хууль зөрчсөн үйлдлээс болж хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө нэмэгдсээр байна.
Тухайлбал, улсын хэмжээнд өнгөрсөн онд 391 нуур тойром, 344 гол горхи, 760 булаг шанд уурхайн нөлөөллийн улмаас ширгэж үгүй болжээ. Цаашлаад уул уурхайн нөлөөлөл нь хүн амын эрүүл мэнд, нэн ховор ан амьтад, ургамал зэрэг бүхэл бүтэн экосистемд заналхийлсээр байгаа учир нутгийн иргэд, удирдлагууд уул уурхайн компаниудаас хариуцлага нэхэж, хуулиа биелүүлэхийг шаардан олон жилийн турш тэмцэж ирсэн. Улмаар байгаль хамгаалал, хүний эрхийн чиглэлээр ажиллаж буй хуульч, сэтгүүлч, иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд нэгдэж, уул уурхайн салбараас хариуцлага нэхэх тэмцлийг өргөн хэмжээнд хуулийн дагуу явуулж эхэлсэн юм.
Энэхүү тэмцэл эхнээсээ бодит үр дүн үзүүлж эхэлсний нэг нь Өмнөговь аймаг Гурвантэс суманд байрлах байгалийн өвөрмөц тогтоц бүхий Тост, Тосон бумбын нурууг бүтэн авч үлдэх жишиг тэмцэл байлаа. Тост, Тосон бумбын нуруу нь дэлхийд нэн ховор тогтоцтой экосистем бүхий байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд дэлхийд ховордсон цоохор ирвэсийн өлгий нутаг юм. Түүнчлэн зөвхөн Монголын говьд ургадаг нэн ховор бутлаг болон эмийн ургамал ургадаг тогтоц. Гэтэл арван хоёр жилийн өмнөөс уул уурхайн ашиглалт, хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдож эхэлснээр бүхэл бүтэн экосистем аюулд орж, иргэдийн эрх зөрчигдөж эхэлсэн байдаг.
Улмаар 2016 онд Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад авах асуудлыг УИХ-аар хэлэлцэж, засгийн газраас хамгаалалтын зурвасыг батлахдаа тухайн үеийн сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коэл транс” компанийн лицензтэй газрыг тусгай хамгаалалтын гадна үлдээсэн хууль бус шийдвэрийн эсрэг хэвлэл мэдээллийнхэн, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд иргэд олон нийт, нутгийн удирдлагуудтай хамтран хоёр жил гаруй хугацаанд тэмцсэний үр дүнд ил болсон баримтад үндэслэн Засгийн газар 2019 оны наймдугаар сард тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, уурхайн олборлолтыг зогсоосон юм. Ийнхүү Тост, Тосон бумбыг хамгаалсан жишиг тэмцэл “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” сэдвээр Монгол Улсын 21 аймагт зохион байгуулагдах бөгөөд зүүн гурван аймгаас эхэллээ.
ХЭНТИЙ: ГУТАЙН ДАВААГ УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ САНАЛ ГАРГАВ
Хэнтий аймгийн Чингис хотноо есдүгээр сарын 24-ны өдөр нээлтээ хийсэн “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлэгт Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Дархантөр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ, Цагдаагийн газрын дарга Б.Батсайхан, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн Х.Мандахбаяр, Эрс шинэчлэл хөдөлгөөний тэргүүн Б.Энхбат, “Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, хуульч Б.Долгор Хэнтий аймгийн иргэд оролцож уул уурхайн нөлөөлөл, иргэдэд тулгамдаж буй асуудлыг тал бүрээс нь хөндөж, санал солилцсон юм.
Хэдийгээр уул уурхай, эрдэс баялгийн салбар нь Монгол Улсын эдийн засгийн тодорхой хувийг бүрдүүлдэг ч энэ салбарт хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж буй сайн жишиг, хариуцлагатай уул уурхайн үйлдвэрлэл ховор байгааг оролцогч, илтгэгчид онцолж байлаа.
Н.Ганбямба: Хэнтий аймаг уул уурхайгаас татгалзаж, ногоон хөгжлийн замыг сонгож байна
Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба уул уурхайн үйлдвэрлэлд эрс байр суурьтай ажиллаж байгаа ба Хэнтий аймаг ногоон хөгжлийн замыг сонгосон гэдгийг онцолж байсан юм. Тэрбээр “Хэнтий аймаг бол хамгийн их лицензтэй таван аймгийн нэг. Гурван жилийн өмнө 300 гаруй уул уурхайн лицензтэй байсан. Бид өнөөдөр ногоон хөгжлийн замыг сонгож байгаа. Тийм учраас уурхайн ашиглалт, хайгуулын 100 гаруй лицензийг цуцлаад байгаа. Гэсэн ч үүний цаана 226 лиценз үлдсэн байна. Аймаг, сумаас уурхайн лиценз олгохгүй байх санал хүргүүлдэг ч дээрээс зөвшөөрөл өгдөг Ашигт малтмал, газрын тосны газар гэж бий. Лиценз гэдэг бол зүгээр л цаас. Энэ цаасыг зардаг, худалддаг энэ тогтолцоог өөрчлөх гээд барахгүй юм. Хятадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудын лицензийг цуцлахаар ажиллаж байна. Харин шүүхээр очоод эргээд ирэх тохиолдол бий. Хуулиар хамгаалуулаад эргээд ирнэ гэж боддог шиг байгаа юм. Аймгийн зүгээс Гутайн давааны 102.690 мянган га газрыг бүтнээр нь улсын тусгай хамгаалалтад авахыг хүссэн. Энэ асуудлыг Засгийн газрын хурлаар хэлэлцсэн боловч өнөөдөр албан ёсны хариу ирээгүй байна. Аргаа бараад өөрийнхөө фэйсбүүкт Гутайн давааг бүхлээр нь, өчүүхэн ч газар үлдээхгүй бүрэн хамгаалалтад авч өгнө үү гээд сайдад хандан хэд хэд биччихээд, хариу хүлээж сууна. Биднийг уул уурхайн салбарт хэтэрхий хатуу хандаж байна гэдэг. Би хатуу хандана. Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлал, ногоон хөгжлөөрөө уул уурхайгүйгээр хөгжих боломж бий. Цаашдаа болж өгвөл бид уул уурхайн лицензгүй аймаг болохыг зорьж байна” гэсэн юм.
Харин иргэдийн зүгээс уул уурхайн лицензгүй аймаг болох хэлэлцүүлгийн санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлж санал бодлоо хуваалцаж байв.
“Хэрлэн цэнхэр алс” ТББ-ын тэргүүн Л.Энхбаатар “Уул уурхайн талаар саналаа хэлье. Энэ уурхайн ажил явуулах зөвшөөрлийг дээд газраас өгөөд байна. Энэ нутагт амьдарч суудаггүй хүмүүс нутгийг нь ухах зөвшөөрөл өгөөд явах нь хэр зүйтэй юм гэдгийг бодох хэрэгтэй. Тиймээс дээрээс биш аймгийн Засаг дарга уурхайн зөвшөөрөл өгөх эсэхийг шийддэг байж болохгүй юу гэдэг санал гаргаж байна” гэв.
Хэнтий аймгийн иргэн С.Сарангоо “Орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж байгаад баяртай байна. Дан болж бүтэхгүй зүйл яриад яах вэ. Томоохон уул уурхайг аймгийн дарга маань хааж байсныг мэднэ. Тиймээс цаашид энэ уурхайн эсрэг тэмцлийг дэмжинэ гэдгээ илэрхийлж байна” гэлээ.
Ийнхүү иргэд, удирдлагууд тулгамдаж буй асуудлаа нээлттэй ярилцаж зөвлөмж боловсруулан, ногоон аялал жуулчлалаар нутаг орноо хөгжүүлж уул уурхайгүй анхны аймаг болоход санал нэгдсэнээр хэлэлцүүлэг өндөрлөлөө.
Онон голыг химийн бодисоор хордуулахыг Хэнтийчүүд эсэргүүцэж байна
Хэнтий аймгийн тухайд ашиглалт болон хайгуулын нийт 331 лиценз олгогдсон байснаас сүүлийн гурван жилд зуу гаруй лицензийг цуцалжээ. Гэсэн ч 226 лиценз өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байгаа юм. Эдгээрээс 17 уурхай алт, жонш, нүүрс олборлолт явуулж байна. Аймгийн удирдлагууд болон иргэдийн зүгээс уул уурхайн үйлдвэрлэлийн эсрэг байр суурьтай байгаа ба ногоон хөгжил, аялал жуулчлалаар нутгаа хөгжүүлэхийг дуу нэгтэйгээр дэмжиж буй аж.
Харин өнөөдөр Хэнтий аймгийн хэмжээнд 332 га газар уул уурхайн нөлөөллийн улмаас эвдэрч сүйдсэн бөгөөд цаашлаад Онон голын ай савыг хамгаалах асуудал хэнтийчүүдэд тулгамдаж буй. Учир нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг Онон голын ай сав газар, Гутайн даваа орчимд “Ю энд Би”, “Айвинтэс”, “Пэгматэд майнинг” зэрэг гурван компани алт, хүдрийн олборлолт явуулж байна. “Ю энд Би”, “Айвинтэс” компаниуд нь алт олборлох шороон орд бол “Пэгматэд майнинг” компани нь үндсэн орд учраас алтыг хүдрээс салгахдаа химийн бодис буюу цианид натри ашигладаг аж. Уурхайн орчимд Шургадгийн гол, Гутайн гол урсдаг бөгөөд эдгээр гол нь Онон гол руу цутгадаг. Тиймээс хэрэв дээрх хоёр гол химийн бодисоор бохирдвол Онон гол бохирдож, голоос ундаалдаг хүн мал хордох эрсдэлтэй тул зөвхөн Батширээт сумын иргэд бус Онон гол дайрч өнгөрдөг Дадал, Биндэр, Норовлин сумын иргэд эдгээр уурхайн ажиллагааг эсэргүүцэж байгаа юм.
Иймд аймгийн удирдлагуудын зүгээс Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад бүтнээр нь авах саналыг харьяа яаманд хүргүүлжээ. Улмаар Гутайн давааг хамгаалалтад авах эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцсэн бөгөөд өнөөдрийн байдлаар албан ёсны шийдвэрийг хүлээж байгаа юм.
ДОРНОД: “ПЕТРОЧАЙНА ДАЧИН ТАМСАГ” КОМПАНИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООХЫГ ШААРДЛАА
Уул уурхайн салбарыг хариуцлагажуулах, уурхайн үйлдвэрлэлийг хуулийн хүрээнд явуулах, уул уурхайн сайн жишгийг дэмжих зорилготой “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг есдүгээр сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотноо үргэлжилсэн юм.
Дорнод аймгийн хувьд уул уурхайн нөлөөллөөс үүдэн 1447 га газар эвдэрсэн байна. Эдгээр эвдэрсэн газруудын эзэн холбогдогчийг тогтоох, нөхөн сэргээлт хийлгэх ажлыг хуулийн байгууллага хариуцан ажиллаж эхэлжээ. Тус аймагт тулгамдаж буй асуудал нь газрын тос тээвэрлэлтийн замыг хатуу хучилттай болгох, газрын тосны талбайн нөхөн сэргээлт хийх, “Петрочайна дачин тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч компанийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах зэрэг асуудал байна гэдгийг Дорнод аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын дарга Б.Эрдэнэбаяр хэлж байв. Түүнчлэн иргэдийн зүгээс тус аймгийн Матад суманд газрын тосны олборлолт явуулж буй “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагаанд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэхүү компанийн үйл ажиллагааг зогсоох шаардлагатай гэдгийг хэлж байсан юм.
Мөн аймгийн удирдлага, ИТХ болон нийт Дорнодчууд “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагаа зогсоох, Мэнэнгийн талаа улсын тусгай хамгаалалтад авах тухай санаачилга гаргаад байгаа аж. Гэсэн ч “Петрочайна дачин тамсаг” компани нь уул уурхай, газрын тосны салбарын их хэмжээний татвар төлөгч байгууллагуудын нэг учраас Монгол Улсын төсөв тасарна гэх шалтгаанаар дээд шатны байгууллагууд саналыг хүлээн авдаггүй байна.
Жишээлбэл, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард “Петрочайна дачин тамсаг” компанийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь 19 хоног зогсоосон боловч улсын төсөв тасарна гэх шалтгаанаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэг удирдах байгууллагуудаас шүүмжлэл ирүүлсэн тохиолдол бий. Иймд томоохон компаниудтай холбоотой шийдвэрүүд аймгийн удирдлагын хэмжээнээс хэтэрсэн гэдгийг иргэд, албан тушаалтнууд дуу нэгтэйгээр хэлж байна.
Дорнод аймгийн Хэрлэн сумын Гуравдугаар багийн иргэн Д.Баатарчулуун “Өнөөдөр удирдлагууд маань эх нутгаа хятадуудаар хүрээлүүлж, газар нутгийг маань тэд ухаад дуусаж байна. Манай аймгийн нүүрс, жонш, газрын тосыг бүгдийг аймгийн удирдлагын хэдэн хүмүүс хятадуудтай хувааж идэж ууж байна. Өнөөдөр ард түмэнд ямар ч хүртээлгүй байна. Энэ хүмүүсийг тойрсон хүмүүс хулгайг нь магтаад байхаас илчилж байгаагүй юм. Би өнөөдөр энэ тухай хэлэх ёстой юм. Үр хүүхэд ач зээгийнхээ төлөө би хэлж байна. Төр улс нь хуулиа чангалж өгөөч ээ гэж хүсэж байна” гэлээ.
Дорнод аймгийн Чойбалсан сумын малчин Б.Лхагважав “Энэхүү хэлэлцүүлгийг хийж байгаад талархаж байна. Цуварч явсан бараас цуглаж суусан шаазгай дээр гэдэг шиг олноороо цуглаж хийх нь зөв. Гэхдээ үр дүн гарна гэж нэг их найдахгүй байна. Гэхдээ миний хувьд энэ газар нутаг маань үржил шимээ алдахаас гадна нэр усаа ч алдсан. Нутаг орныг нэрээр нь нэрлэхээ больсон. Ерөөсөө л 19, 20, 21 гэсэн нэртэй болсон. Хойч ирээдүйд маань энэ газрын нэр ч үлдэхгүй байх вий. Тиймээс “Нутгаа аваръя чойбалсанчууд аа” хөдөлгөөнийг бид байгуулсан. Бидний зүгээс “Петрочайна Дачин Тамсаг” компанитай холбоотой зөрчлийг Ерөнхий сайдад мэдүүлээд байгаа” гэсэн юм.
Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн, “Архидалтын эсрэг” ТББ-ын тэргүүн Г.Даваасүрэн “Дорнод аймагт “Петрочайна Дачин Тамсаг” компани энд олон жил үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл бидэнд ашигтай, орон нутагт үр өгөөжтэй зүйлс өгсөн нь хэр билээ. Олборлолтын талбайд ирсэн хотын хүмүүс инээлдээд явж байна гэнэ. Тэгэхээр энэ авлигачдыг бид үгүй хийх хэрэгтэй байна. Би өнөөдөр үгээ хэлэх гээд ирлээ. Та бүхэнд сэтгэлээрээ их талархаж явдаг. Иргэний нийгмийн байгууллагууд маань нэгдэж үнэн шударгын талаар ярьж байгаад баярлаж байна. Ард иргэд, Дорнодчууд бид сэрэх цаг болсон. Ард түмэн маань бидний төлөө ирж байхад бид хятад, солонгос хоол идээд сууж байж болохгүй. Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхэд их баярлаж байна. Зоригтой шийдвэр гаргаж байгаад нь баярлаж явдаг” гэлээ.
Дорнод аймгийн Хэрлэн сумын тавдугаар багийн иргэн өндөр настан Д.Долгорсүрэн “Би уул уурхайг зөв талдаа байвал дэмжинэ. Ганцхүү буруу талдаа байвал дэмжихгүй. Би Монгол оронд төрж өссөн. Гэвч хүний нутагт байгаа юм шиг байдаг. Гэрийг минь тойроод хайрга элс олборлож байна. Одоо бүр хаашаа ч гарах эрхгүй. Нүхэн дотор байгаа. Тиймээс бид хайрга авдаг газраа нүүлгэж өгөөч гэж хүссэн. Элс татаж байгааг бид эсэргүүцээгүй. Энд багаа төлөөлж ирсэн. Үгийг минь ерөнхий сайдад дамжуулж өгөөрэй. Манай багаас нэг өдөрт 22 машин хайрга авахаар ирж байна. Ийм л хэцүү нөхцөлд амьдарч байгаа. Одоо Дорнодыг тойроод л ухаж байна. Бадаргүр, модон гүүрний урд талын Сүх-Индэр гээд ухаагүй газар үгүй боллоо” гэлээ.
Дорнод аймгийн иргэн “Халх гол Дорнын сав газраа хамгаалах” ТББ-ын тэргүүн Б.Ганцогт “Дэлхийд хосгүй тал нутаг сүйдсэн, олон сая зээр бэлчдэг байсан газар зээр үгүй болсон. Дорнодын талаар газрын тосны машинууд зайгүй давхилдаж ирсэн учраас 2009 оноос байгаль орчны талаар асуудлыг хөндөж эхэлсэн юм. Хууль биелүүлэх Газрын тосны газар, Ашигт малтмалын газруудад санал өгсөн боловч өнөөдрийг хүртэл хууль зөрчигдсөн хэвээр байгаа. 2018 онд “Петрочайна Дачин Тамсаг” компанийг шүүхэд өгсөн. Шүүхээс газрын тосны хуулиараа сумын удирдлагатай гэрээгээ хийх ёстой гэсэн шийдвэр гаргасан. Гэсэн хэдий ч биелүүлэхгүй байгаа. Тухайн орон нутагт үр өгөөж өгсөн зүйл алга байна. Тиймээс Ерөнхий сайд та уул уурхайгаас гадна газрын тосны энэ асуудлыг анхааралдаа аваарай гэдгийг хэлмээр байна” гэлээ.
Дорнод аймгийн иргэн Б.Ганчөдөр “Өнөөдөр хуран цуглаад энэ асуудлыг ярьж байгаад баяртай байна. 19, 21 дүгээр талбайд хууль бус асуудал маш их байдаг. Тэнд бэлгийн дарамтад орсон, хоёр гурван иргэн хуруугаа тасдууллаа гэх мэтээр ярьж байна. Асуудлыг ярихаар цагдаа нар нь баримт нэхээд байдаг. Өнөөдөр гадаадын иргэн гэхээрээ л хуулийг гууль болгож байна. Засгийн газрын гэрээ нь их нууцлагдмал гэрээ байдаг. Бид мэдэхгүй. Сайд нь төсөв тасалдууллаа гэдэг. Энэ талбай ажиллалаа гээд Халх гол хөгжөөгүй, одоо Мэнэнгийн талд цагаан зээр үгүй боллоо. Өнөөдөр иргэд үүнийг мэдэж байгаа ч Матадын иргэд хаана хэнд хандахаа мэдэхээ больчихсон” гэлээ.
“Адуунчулуун” ХХК-ын технологийн хэсгийн дарга н.Давааням “Өнөөдөр би уул уурхайн төлөөлөл болж ирсэн. Манай уурхай 64 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Уурхайн хариуцлага гэдгийг нөхөн сэргээлт гэж үздэг. Манай уурхайн хувьд 66 га газарт үйлдвэрлэл явуулсан. 54 га газарт нь нөхөн сэргээлтээ хийсэн байна. Үлдсэн хэсэгт нь карьер байгаа учраас хийгдээгүй байна. Уурхай 2013 онд бутлуурын цех барьсан. Үүний цаана нь иргэдийгээ нүүрсээр хангах ажил хийгдэж байсан. Гэтэл Мэргэжлийн хяналтын газраас бутлуурын цехийг хаасан. Хотын газар гээд хаачихсан байна. Одоо өвөл боллоо. Иргэд нүүрсээ авахаар ирнэ. Тиймээс энэ газрыг манай уурхай түрээсэлье гэдэг бичиг хүртэл өгөөд байна. Өнөөдөр хариуцлагатай уул уурхай гэдэг. Хариуцлагатай уурхайгаа дэмжиж ажиллаач ээ” гэлээ.
Дорнод аймгийн Матад сумын засаг дарга Э.Төмөрбаатар “Өнөөдрийн хэлэлцүүлэгт сумын иргэдтэйгээ хамт зорьж ирлээ. Хэлэлцүүлгээр дэвшүүлэх хэд хэдэн асуудал байгаа. Бид бүхэн алдарт Мэнэнгийн, Матадын, Тамсагийн талаар бахархаж дуу шүлэгтээ оруулсан байдаг. Гэтэл өнөөдөр аврал эрээд уйлж байна. Газрын тосны үйл ажиллагаа 2015 оноос эхэлсэн. Үүнээс хойш биологийн төрөл зүйлийн тэнцвэр алдагдсан. Уламжлалт мал аж ахуй алдагдсан. Тиймээс энд бид Мэнэнгийн талаа аварцгаая гэж уриалах гэж ирлээ. Газрын тосны тухай хуулийн 11,2,17 зүйлд гэрээ байгуулж, орон нутгийн байгаль орчныг хамгаалах ёстой. Хамгийн наад захын энэ заалтыг ч” Петрочайна Дачин Тамсаг” хангадаггүй. Заавал энэ газрыг ажиллуулах ёстой юм уу. Болдог бол олборлолт явуулмааргүй байна. Одоо бид Мэнэнгийн талаа улсын тусгай хамгаалалтад авах ажлыг эхлүүлэх ёстой юм байна. Мэнэнгийн талыг улсын тусгай хамгаалалтад авч өгөхийг хүсэж байна”
Аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох: Газрын тос олборлолтыг зогсооход аймгийн төвшинд татгалзах зүйлгүй
"Иргэдийн гаргасан санал санаачилгыг Дорнод аймгийн удирдлагуудын зүгээс дэмжиж байгаа ч “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааг зогсоох нь аймгийн удирдлагын эрх мэдэл хүрэхгүй зүйл гэдгийг албаныхан хэлж байлаа. Энэ талаар аймгийн ИТХ-ын дарга Л.Хишигтогтох “Газрын тос олборлолтыг зогсооно гэдэг нь Дорнод аймгийн удирдлагуудын хэрээс хэтэрсэн зүйл. Аймгийн зүгээс хаачихсан тохиолдолд улсын төсөвт орох байсан мөнгийг саатууллаа гээд асуудал үүсдэг. Өнгөрсөн жил “Петрочайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагааг 19 хоног хаахад улсын төсөвт 2.3 тэрбум төгрөгийн алдагдал учирсан гэж байгаа юм. Анх хайгуулын лиценз өгөхөд сум орон нутгийн иргэдийн төлөөлөгчдөөс санал асуусан болоод түүнээс цааш ямар ч хамааралгүй болдог нь учир дутагдалтай байгаа” гэсэн юм.
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтсийн дарга Ц.Баяржаргал “Манай иргэдийн зүгээс янз янзын байр суурь илэрхийлж байна. Ер нь бол уул уурхайн асуудалд шүүмжлэлтэй ханддаг. Иргэдийн шүүмжлэл нь баримт нотолгоотой байх хэрэгтэй. Миний хэлэх гэж байгаа гол асуудал бол уул уурхайн лиценз, агентлаг байгууллага буюу Ашигт малтмал газрын тосны газраас мэдээллээ маш буруу гаргаж өгдөг. Аймаг болон сумын зүгээс АМГТГ-т татгалзсан болон зөвшөөрсөн хариу өгдөг. Хэрэв хууль зөрчсөн гээд учраас орон нутгийн зүгээс зөвшөөрөхгүй хариу өгөхөөр эргээд нөгөө компани нь гурван шатны шүүхэд очиж үргүй зардал их гаргадаг. Үүний буруутан нь АМГТГ гэдгийг хэлнэ. Аймгийн зүгээс бид бүхий л эрх хэмжээндээ тэмцэж байгаа гэдгийг хэлмээр байна” гэлээ.
Ингээд хэлэлцүүлгийн төгсгөлд аймгийн зүгээс, аливаа уул уурхайн лиценз олгохоос өмнө нарийвчилсан дүгнэлт гаргаж, ард иргэдийн саналыг заавал сонсдог байх, уул уурхай хөгжиж буй аймгуудад уул уурхайн мэргэжилтэнтэй болох, уул уурхайн тусгай зөвшөөрөл авч буй аж ахуйн нэгжүүдэд эрхзүйн мэдлэгийн сургалт олгож байх саналыг тус тус гаргаж дээд шатны байгууллагад хүргүүлэхээр болсон юм.
СҮХБААТАР: УРАНГҮЙ АЙМАГ БОЛОХООР ЗОРЬЖ БАЙНА
“Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг есдүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо үргэлжилж аймгийн хэмжээнд тулгамдаж буй уул уурхайн асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах байгууллагад хүргүүлэх саналаа нэгтгэлээ.
Сүхбаатар аймгийн хэмжээнд уул уурхайн нийт 99 тусгай зөвшөөрөл олгогдоод байгаагаас 34 нь хайгуулын, 65 нь ашиглалтын лиценз байгаа юм. Эдгээрээс өнөөдрийн байдлаар олборлолтын томоохон таван уурхай ажиллаж байгаа ба эдгээр уурхайг тойрсон маргаантай асуудлууд олон бий гэдгийг орон нутгийн удирдлагууд хийгээд иргэдийн зүгээс хэлж байлаа. Түүнчлэн өнөөдрийн байдлаар тус аймгийн Сүхбаатар суманд гэхэд л уул уурхайн 43 зөвшөөрөл олгогдоод байгаа нь цаашид уул уурхайн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, цөөлөх, хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй уурхайнуудыг хаах үндэслэл бий гэдгийг онцолсон юм.
Энэ тухайд Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар “Аймгийн удирдлагын зүгээс хууль бус уул уурхайн үйлдвэрлэлийг ямар ч нөхцөлд дэмжихгүй. Харин хууль эрхзүйн хүрээнд хариуцлагатай ажиллаж байгаа уурхайг дэмжиж ажиллана. Түүнчлэн аймгийн хэмжээнд уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа болон тусгай зөвшөөрөл авсан компани, аж ахуйн нэгжүүдийн тухай мэдээллийн нэгтгэсэн сан бий болгож эхлээд байгаа ба цаашид эдгээр мэдээллийг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулах ажил хийгдэж байгаа. Ингэснээр олон нийт болон уул уурхайн компаниудын дундах зөрчил багасах, иргэд олон нийт мэдээлэлтэй байх сайн тал бий” гэлээ.
Ийнхүү орон нутгийн удирдлагууд хариуцлагагүй уул уурхайн эсрэг зогсож байгаа гэдгээ илэрхийлсэн бол иргэдийн зүгээс байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй уран олборлолтыг бүр мөсөн зогсоох тухай санал, шаардлагыг холбогдох албаныханд тавьж байлаа.
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын тавдугаар багийн иргэн Б.Гэрэлт-Од “Манай сумын хуучин уурхайг өнөөдөр хятадууд ашиглаад байна. Тэр уурхайг нөхөн сэргээлт хийдэггүй. Хятадууд энэ жилээс байр байшингаа бариад эхэллээ. Нутгийн хэдхэн залууг ажилтай болгосноос биш нийт иргэдэд үр өгөөж өгдөггүй. Энэ уурхайг анхааралдаа авна уу” гэлээ.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын иргэн Н.Чулуунбаатар “Манай сумын тахилгатай ууланд хүртэл өрөм тавьж байна. Малчин бид эсэргүүцэж цуглаан хийж байсан. Ер нь манай сум хамгийн их малтай сум. Тийм болохоор уул уурхайд зориулах газар байхгүй. Газар нутгийнхаа төлөө тэмцэж байгаа нутгийн иргэдийн үгийг сонсдог байгууллага алга. Бидний өвөг дээдэс эх орныхоо төлөө тэмцэж ирсэн. Тэгэхээр газар шороог эмх цэгцэд нь оруулж байгаа иргэний хөдөлгөөнүүдийн үйл ажиллагааг дэмжиж байна” гэв.
Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг дарга Д.Шижирбаатар “Манай суманд жоншны болон төмрийн хүдрийн уурхай байдаг. Анх 2006 онд тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Тухайн уурхайнууд хуулийн дагуу зөвшөөрөлтэй боловч ард иргэд зөвшөөрөхгүй байгаа. Тэгэхээр сумын Засаг дарга нар ажлаа хийхэд хүндрэлтэй байна. Үүнийг хуульчилж өгмөөр байна. Би нэг хэсэг дүлий хүн шиг сууж үзлээ. Ард иргэд уул уурхайг дэмждэггүй. Гэтэл би эрүүгийн хуулиар албан тушаалдаа хайнга хандсан гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээх болж ирсэн. Ингээд аргагүй өрмийн ажлыг нь эхлүүлсэн. Хуулийн энэхүү цоорхойг нөхөхөд анхаарал хандуулна уу. Өнөөдөр ард иргэд зөвшөөрөөгүй уул уурхай явахгүй гэж байгаа боловч бодит байдал дээр эсрэгээрээ байна” хэмээсэн юм.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Батбаатар “Хариуцлагатай уул уурхайн талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл өгч байгаад баяртай байна. Бид уул уурхайн чиглэлээр ярихыг хүсдэг ч боломж хомс байдаг юм. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай тэмцэхээсээ илүүтэй шийдвэр гаргагчдыг шаардаж ажилламаар байна. Сүхбаатар аймгийн Онгон суманд “Кожеговь” компанитай холбоотой ураны асуудал үүссэн. Сумын Засаг дарга нь усны зөвшөөрлийг нь өгөхгүй гэхэд Ерөнхий сайд дуудаад гэрээ хийхийг шаардаж байсан. “Цайрт минерал” компанийн тогтвортой байдлын гэрээ хэзээ дууссан болох талаар мэдээлэл өгнө үү” хэмээлээ.
Дээрх асуултын хариултыг Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар “Цайрт минерал”-ийн тогтвортой байдлын гэрээ дууссан. Тогтвортой байдлын гэрээг анх 1998 онд 15 жилийн хугацаатай байгуулсан. Эхний таван жил нь 100 хувь татвараас чөлөөлөгдөх, дараагийн таван жил 50 хувь татвараас чөлөөлөгдөх тухай гэрээ байсан. 2006 оноос гэрээнд өөрчлөлт оруулж, татварын орчинд оруулсан. Энэ гэрээний хугацаа дуусаад даруй зургаан жил болоод байна. Засгийн газар гэрээгээ дүгнээд Монгол Улсын төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн орд газар учраас 50-аас доошгүй хувийг төр эзэмших боломжтой. Тодорхой хувийг нь орон нутаг авч болно. Өнөөдөр бид зүгээр суугаагүй юм шүү. “Цайрт минерал” 200 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 100 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн мэдээлэл байна. Бид орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг шаардсан. Одоо болтол гэрээгээ байгуулж чадахгүй байна. Бид ажлын хэсэг гаргаад хөөцөлдөж байна.
Ураны хувьд “Кожеговь” бүх цооногоо татаж авсан. Цаашдаа ажиллахгүй гэдгээ хэлсэн. Сүхбаатар аймаг урангүй аймаг болж байгаа. Бид энэ бүх ажлыг амаргүй байдалд хийж байгаа юм шүү. Шадар сайдаар ахлуулсан уул уурхайн лиценз шалгах ажлын хэсэгт бид саналуудаа өгсөн. Сүхбаатар аймаг уул уурхайн тэмцлийн гадна үлдээгүй” гэсэн юм.
Сүхбаатар аймгийн хэмжээнд уул уурхай тойрсон дээрх асуудлуудыг нэгтгэж албан ёсоор дээд байгууллагад хүргүүлэхээр болсон бөгөөд хэлэлцүүлгийн үеэр хөндөгдсөн хууль бус, хариуцлагагүй уул уурхайнуудын эсрэг тэмцлээ тасралтгүй явуулж, ирэх арванхоёрдугаар сард Улаанбаатар хотноо болох нэгдсэн хэлэлцүүлэгт оролцохоор болсон юм.
Ийнхүү зүүн гурван аймагт болж өнгөрсөн “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлгээс дээд шатны байгууллага, шийдвэр гаргагч нарын хариуцлагагүй үйл ажиллагаанаас үүдэн нутгийн иргэд болон уул уурхайн компаниудын хооронд зөрчил маргаан гардаг гэдгийг онцолж болохоор байлаа. Өөрөөр хэлбэл, уул уурхайн тусгай зөвшөөрөл олгож буй Ашигт малтмал газрын тосны газар, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны шийдвэр, мэдээлэл нээлттэй бус, тусгай зөвшөөрөл олгож буй газрын байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хууль дүрмийн дагуу явагдаагүй зэрэг нь эргээд хариуцлагагүй уул уурхайг бий болгох үндэс болдог ажээ. Түүнчлэн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа уурхайг хаах, үйл ажиллагааг зогсоох цаашлаад лицензийг цуцлах зэрэг эрх мэдэл тухайн орон нутгийн удирдлагуудад байдаггүй, зөвхөн дээд шатны байгууллагад санал хүргүүлэхээс хэтэрдэггүй зэрэг нь ийнхүү хууль бус уурхайн асуудлыг газар авахад хүргээд байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )