МХЕГ: Тост, Тосон бумбын нуруунд нөхөн сэргээлт хийгдээгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас өнгөрсөн оны наймдугаар сарын энэ өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нуруунд ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ. Тухайн үед тус газарт үйл ажиллагаа явуулдаг найман аж ахуйн нэгжийн 11 тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. 

Тэгвэл тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд өнгөрсөн нэг жилийн хугацаанд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тавьсан үүрэг, чиглэлийг хэрхэн биелүүлсэн талаар тодруулсан юм.

Энэ талаар МХЕГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Балжинням "Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн 2019 оны наймдугаар сард Тост, Тосон бумбын нуруунд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ингэснээр тухайн газарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд нэгэнт тусгай зөвшөөрөлгүй болсон гэсэн үг. Тэгэхээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох, бүх тоног төхөөрөмжийг нь битүүмжилсэн. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар нөхөн сэргээлт хийх ажлаас чөлөөлөгдөхгүй. Тиймээс уурхайн хаалтыг хийж, нөхөн сэргээлтээ хийх үүрэг, чиглэлийг өгсөн байдаг. Харин тэд Ашигт малтмал, газрын тосны газраас гаргасан тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эсэргүүцэж, шүүхэд хандсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээлт хийх ажил түр зогссон. Шүүхээс эцсийн шийдвэр яаж гарна, түүгээр шийднэ. Өөрөөр хэлбэл, шүүхээс тухайн аж ахуйн нэгжүүдийг нөхөн сэргээлт хийх шаардлагатай гэдэг шийдвэр гарвал тэд нөхөн сэргээлтээ хийх болно" гэх тайлбарыг өглөө.    

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.27.52) 2020 оны 08 сарын 15

Хүчин төгөлдөр хуулийнхаа хүрээнд лиценз олгож, олон жил хайгуул хийлгэж хөрөнгийг нь гаргуулчихаад, явцын дунд төрийн байгууллагууд нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байна гэж хүлээн зөвшөөрч тайлан төлөвлөгөөг нь хүлээн авч явж байснаа, арай гэж зардлаа нөхөх, ашиг олох үед нь хэн нэгэн хулхи эх орончын орилооноор, хуульгүйгээр, хүчээр сэлэмчин нь цавчаад хаяна гэдэг байж болохгүй асуудал даа.

0  |  0
Top