Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2019.07.30/ улс төрийн 17 намын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад Монгол үндэсний ардчилсан нам, Иргэний Зориг-Ногоон нам, Эх орон нам, Монголын либерал нам, Бүгд найрамдах нам, Иргэний хөдөлгөөн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хөдөлмөрийн үндэсний нам, Монгол консерватив нам, Ард түмнээ хайрлая нам, Монголын хүний төлөө нам, Үнэн ба зөв нам, Дэлхийн монголчууд нам, Хамаг Монгол хөдөлмөрийн нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн намын дарга, удирдлагууд болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Д.Очирбат, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нар оролцов.
Энэ үеэр Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан "Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаагаа эхлээд сайн бодох хэрэгтэй. Энэ бол гэнэт яригдаж байгаа асуудал биш. Өнгөрсөн 27 жилийн алдаа, гажуудлаас үүдэлтэй юм. Ер нь нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа олон зүйл улс төрийн намуудаас эхлэлтэй гэдгийг бид хаана хаанаа анхаарах ёстой. Намуудын хоосон амлалтаас л болж төрийн нэр хүнд унасан. Одоо юмыг бодитой харах цаг болсон. Хүний эрх, эрх чөлөө гэж их ярьдаг атлаа үүрэг хариуцлагын тухай огт ярихаа байсан. Тиймээс нийгмийн өмнө хүлээх иргэн бүрийн үүргийг Үндсэн хуульдаа зааж өгмөөр байна. Ядахдаа сонгуулийн насанд хүрсэн бол заавал саналаа өгдөг, татвараа төлдөг, баялаг бүтээж амьдардаг байх зэргийг зааж өгөх ёстой. Тэгж байж улс орон хөгжинө, иргэд ч ажилтай, орлоготой сайн сайхан амьдарна, насаараа тэжээлгэх сэтгэлгээнээсээ сална" гэв.
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангах, түүнчлэн шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох замаар өнгөрсөн 27 жилд хуримтлагдсан алдаа, гажуудлыг засаж залруулахад чиглэж байгаа учраас нэмэлт, өөрчлөлтийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа намуудын удирдлагууд илэрхийлэв. Тэр дундаа байгалийн баялгийн тэгш, шударга хуваарилалтыг бий болгох, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тодорхой зааж өгөхөөр тусгасантай улс төрийн намууд санал нэгтэй байгаагаа уламжиллаа.
Сэтгэгдэл ( 1 )
Зөв санал тавиж байна.Эрх гэж хашигарах боловч үүргээ огт ярьдаггүй.Үүнийг үндсэн хуульд тусгах нь зөв.Мөн гишүүдийн тоог нэмэж, пропорционалаар сонгох нь хуучин гишүүд орж ирэх гэсэн оролдолго . Үүний оронд ИХ хуралын дэргэд хууль боловсоруулах тусгай институтыг байгуулж ,жинхэн улс төрч,эдийн засагч эрдэмтэдээр бүрдүүлэх нь чухал.