Допинг илэрсэн бөхчүүд 10 хоногийн дотор дахин шинжилгээ өгөхөө мэдэгдэхгүй бол албан ёсоор зарлана

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 12

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн хоёроос сэргээшний төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос мэдээллээ. Хуулийн дагуу тухайн сэргээш илэрсэн хоёр бөх 10 хоногийн дотор “Б” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ албан бичгээр ирүүлэх ёстой бөгөөд хэрэв ирүүлээгүй тохиолдолд Үндэсний бөхийн салбар хорооноос нэрсийг нь хэрэглэсэн бодистой нь хамт зарлах юм байна.

“Сэргээшний шинжилгээг Бүгд найрамдах Солонгос улс руу явуулдаг. Шинжилгээний хариуг наймдугаар сарын 07-ны өдөр Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлсэн байдаг. Шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс хоёр бөхөд нь допингийн төрлийн бодис илэрсэн. Нэг бөхөөс таван төрлийн, нөгөө бөхөөс нэг төрлийн сэргээшний бодис илэрсэн байна. Энэ нь бүгдээрээ Олон улсын допингийн эсрэг агентлагаас хориотой бодист хамрагдах бодисууд байсан” гэж Үндэсний бөхийн салбар хороон дарга, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн ярилаа.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхөд хоёр төрлийн хариуцлага тооцдог аж. Нэгдүгээрт, олгосон цол, бай шагналыг хураах. Хоёрдугаарт, хоёр хүртэл жилээр барилдах эрхийг хасдаг юм. Сэргээш хэрэглэсэн болох нь шинжилгээгээр тогтоогдсон хоёр бөхийн нэрийг зарлахгүй байгаа нь Баяр наадмын тухай хууль болон Олон улсын допингийн эсрэг агентлагийн баталсан стандарт, дүрмийн дагуу шийдэгдэх зүйл аж. Хэрэв заагдсан хугацаанд “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах эсэхээ мэдэгдэхгүй бол олон нийтэд зарлах юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top