Бөхчүүдийн Б сорьцын талаар мэдээлэл хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 08 сарын 23

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхийн хоёроос допингийн төрлийн бодис илэрсэн талаар Үндэсний бөхийн салбар хорооноос 2019.08.12-нд албан ёсоор мэдээлэл хийсэн.

Хуулийн дагуу тухайн сэргээш илэрсэн хоёр бөх олон нийтэд зарласан өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтээ албан бичгээр ирүүлэх ёстой бөгөөд энэ хугацаа өнөөдөр (2019.08.23) дуусгавар болж байна.

Хэрэв А сорьцоос нь допинг илэрсэн хоёр бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт ирүүлээгүй тохиолдолд Үндэсний бөхийн салбар хорооноос бөхчүүдийн нэрсийг олон нийтэд зарлах журамтай. Энэ талаар Үндэсний бөхийн салбар хорооноос тодруулахад, "Ирэх даваа гаригт албан ёсоор мэдээлэл хийнэ" гэх хариулт өглөө. 


Энэ жилийн наадмын шинжилгээгээр хоёр бөхөөс гадна нэг харваачаас допинг илэрсэн нь тодорхой болсон бөгөөд үндэсний сур харваанд дөрөвдүгээр байр эзэлсэн Х.Даваацэцэг өөрийн болон эмчийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас даралтны эм ууснаа хүлээн зөвшөөрч, Б сорьцоо шинжлүүлэх шаардлагагүй гэж мэдэгдсэн тул түүнийг нэрийг зарлаж, холбогдох хариуцлага хүлээлгэх саналыг Монголын үндэсний сурын холбооноос Баяр наадмын Зохион байгуулах хороонд хүргүүлээд байгаа гэдгийг мэдэгдсэн.

Монголын үндэсний сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаяр энэ талаар "Сурын тамирчнаас сэргээш хэрэглэсэн тухай асуудлыг манай холбоонд 2019.08.05-нд танилцуулсан. Журмын дагуу бид тухайн тамирчинд мэдэгдсэн. Тамирчин өөрөө наадмын өмнө буюу долоодугаар сарын 2-нд хөдөө бэлтгэлтэй байх үедээ даралтны эм ууснаа хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, B сорьцыг шинжлүүлэх шаардлагагүй болсон. Тиймээс бид холбооны Ёс зүйн хурлаар тамирчинтайгаа холбоотой асуудлыг хэлэлцээд, баяр наадмын бай шагналыг хурааж, тэмцээнд оролцох эрхийг нь нэг жилээр хасах санал гаргаад байна. Үүнийг Баяр наадмын комисст танилцуулна. Эцсийн шийдвэрийг Баяр наадмын комисс гаргана. Өнөөдрийн байдлаар бидэнд ямар нэгэн хариу ирээгүй байна" гэсэн мэдээлэл өгсөн.  

Сануулахад, үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүд болон эхний таван байрт шалгарсан харваачийн допингийг шинжилгээг БНСУ-ын Итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлдэг.

Энэ жилийн баяр наадмын допингийн шинжилгээний хариуг 2019 оны наймдугаар сарын 07-ны өдөр Үндэсний бөхийн салбар хороонд ирүүлсэн ба шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс хоёр бөхөд нь допингийн төрлийн бодис илэрсэн. Нэг бөхөөс таван төрлийн, нөгөө бөхөөс нэг төрлийн сэргээшний бодис илэрсэн гэх мэдээллийг Үндэсний бөхийн салбар хороон дарга, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн өмнө нь өгсөн билээ.

Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндэсний их баяр наадмын тухай хууль, Үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах журмаар бол допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бөхөд олгосон цол, бай шагналыг хураах,  хоёр жил хүртэлх хугацаагаар барилдах эрхийг нь хасах гэсэн шийтгэл ногдуулдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.26.136) 2019 оны 08 сарын 26

обогын цолыг хуоаа эрхийн хас

1  |  1
Top