ҮНЭТ ӨВ: Монгол адууны соёл

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 03

Өдөр, сараар түүхэн хугацаа нь улам алсарч буй

Өв үзмэрийг Монголын Үндэсний музейтэй хамтран танилцуулж байна. 

Төв Азийн цээжин дээр олон зуун жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд ав хомрого, аян дайн, нүүдэл суудал, уналга ачилга, шуудан харилцаа зэрэгт адууг өргөн ашигласаар ирсэн нь тэдний амьдралын салшгүй нэгэн хэсэг болж, арвин баялаг адууны өв соёлыг бүтээхийн сацуу хүлэг морь эр хүний үнэнч нөхөр, молор эрдэнэ хэмээн дээдлэн иржээ.

Монгол нутагт адууг уналга эдэлгээнд ашиглаж эхэлсэн цаг хугацаа тодорхойгүй боловч НТӨ 2000 жилийн өмнөөс адууг гаршуулан эдэлж хэрэглэж байсан нь археологийн судалгаагаар батлагджээ.

Нүүдэлчид адууг уналга эдэлгээнд хэрэглэх явцдаа хэрэглээний онцлогт тохирсон олон төрлийн тоног хэрэгслийг бүтээн бий болгож, хөгжүүлэн уламжилсаар иржээ. Монгол нутагт хүрэл төмрийн түрүү үед хамаарах хадны зурагт цувж яваа морьд, морь хөтөлсөн хүн, тэрэг хөллөсөн морьд зэргийг дүрсэлсэн нь адууг уналга эдэлгээнд хэрэглэж байсныг илтгэх хамгийн эртний дурсгал юм.

Хүннүгийн хувьд хүлэг морь хамгийн эрхэм дээд үнэт зүйлийн нэг байлаа. Түүнийг илтгэх хазаарын нуман, чагтан зуузайтай хүрэл, төмөр амгай, ясан зуузайтай төмөр амгай, дугуй хүрэл хадлага, хүрэл товруу, мухлагт тэрэгний тэвшний хүрэл холбоос, шүхрийн үзүүрийн хүрэл чимэглэл, дугуйн булны алт шармал хүрэл таг зэрэг нэлээд олон тооны үзмэр тус музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. /зураг 1, 2, 3/

Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрханы Нүхэн хаднаас илэрсэн эмээлийн мод, дөрөө, ташуур зэрэг нь Түрэгийн үед хамаарна. Өнөөгийн байдлаар Монгол нутгаас түрэгийн үеийн 30 гаруй морьтой оршуулга гарсан нь “...Оршуулгын зан үйлд унаж явсан морь, эдэлж байсан зүйлсийг хамт оршуулдаг...” хэмээн тэмдэглэсэн сурвалжийн мэдээг давхар нотолж байна. Түрэгийн үеэс урт босоо сэнжтэй зууван дугуй тавагтай дөрөөг анхлан хэрэглэж эхэлжээ. /зураг-4а б/

зууны үеийн нүүдэлчдийн адууны тоног хэрэгсэл улам боловсронгуй, баялаг олон нэр төрөлтэй болжээ. Сүүлийн үед Монгол орны Баянхонгор аймгийн Бөмбөгөр, Бууцагаан, Баянцагаан, Булган аймгийн Хутаг-Өндөр, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Өмнөговь аймгийн Манлай зэрэг сумдын нутгаас илэрсэн хадны оршуулгуудаас адууны өв соёлтой холбоотой 20 орчим эмээлийн мод, дөрөө, хазаарын амгай, цөөн тооны ташуур гарснаас нэлээд нь Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт хадгалагдаж байна. /зураг-5а б/

Манай ард түмэн адуун сүргээ унахад хөнгөн, уралдахад хурдан, сүү нь эм болдог, сүр жавхлан ихтэй хэмээн эртнээс дээдэлсээр иржээ. Адуунаас сүү сааль, мах, арьс шир, хөөвөр хялгасыг нь авч ашиглан, уналга, эдэлгээнд өргөн хэрэглэдэг. 

Монголчууд эртнээс адууныхаа үүлдэр, угсааг гойд анхааран сайжруулж, тал, говь, хангай, уулын бүс нутгуудад тохирсон шилмэл үүлдэр Галшар, Тэсийн гол, Дархад, Мянгад, Шанхайн хэц, Сан бэйс, Барга, Үзэмчин, Баянцагаан, Заамар, Орлой зэрэг олон омгийг үүсгэжээ. Нэгэн баримтдудаад, Монгол Улсын малын тоо толгой 2015 оны байдлаар нийт 55 сая 957,6 мянга болж өссөнөөс адуу 3 сая 294,6 мянгад хүрчээ. Монгол адууны 30,5 хувь тал хээрт, 19,3 хувь өндөр ууланд, 17,3 хувь ойт хээрт, 18,9 хувь говьд, 14 хувь их нуурын хотгорт байна.

Нүүдэлчдийн бүтээсэн мал аж ахуйн тоног хэрэгсэл олон зуун жилийн турш хөгжиж улам боловсронгуй болсоор өнөө хүрчээ. Адууг унаж, эдлэхэд хазаар, ногт, чөдөр, хударга, эмээл, ташуур, хомуут, тэрэг, тэрэгний хэрэглэл, хусуур, сойз гэх мэт тоног хэрэглэл ордог. Монголчууд морио эрхэмлэн дээдлэхийн зэрэгцээ эмээл, хазаар, хударга, хөмөлдөргө, ташуур зэргийг мөнгө, гууль, зэс, гангаар урлаж, гоёмсог хээ чимэглэлээр чимэглэсэн баавар, даруулга зүүж, хазаараа чимэглэдэг нь нэг талаараа морио гоёж байгаа ч нөгөөд эзэн хүний хөрөнгө чинээ, зэрэг дэвийг илтгэхийн хамт эрэгтэй хүний гоёлын салшгүй нэг хэсэг болсоор иржээ. Монголын олон угсаатны бүлгүүд, нутаг нутгийн онцлог, урлаачийн ур чадвар зэргээсээ шалтгаалан өөр өөрийн өвөрмөц онцлогтой эмээл, морины тоног хэрэгслийг хийж бүтээж хэрэглэхийн зэрэгцээ олноо алдаршсан дахин давтагдашгүй өвөрмөц хийц урлалтай Батноров, Дарьганга, Далайчойнхор, Хүрээ, Ноён Сэврэй, арчуул буюу баруун монгол хийц зэрэг дэг сургуулийг бий болгожээ. Эмээл хазаарын мөнгөн хэрэглэлийг хийх талаар алдаршсан Хэнтий аймгийн Норовлингийн Арилдий, Далай Чойнхор вангийн Бат-Очир, Увсын Баян-Очир, Дарьгангын Л.Дугар, Д.Дүйнхэр, Өвөрхангайн Ө.Галсан зэрэг уран дархчуул байжээ. Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт адууны уналга, тоног хэрэгсэлтэй холбоотой олон төрлийн үзмэр хадгалагдаж байна. /Зураг-7-10/

Монголчууд эрэгтэй хүүхэддээ арван гурван нас хүрэхэд шинээр эмээл, хазаар төхөөрч өгдөг уламжлалтай. Энэ нь хүүхдээ гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрч эр хүн болсныг бэлэгдсэн хэрэг билээ. Мөн охидоо хадамд гарахад заавал шинэ эмээл төхөөрч өгдөг заншил өнөө ч хэвээрээ. Эмээлийг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн, настан хүний, хурдан морины гэхээс гадна хэрэглэгдэх байдал, үүрэг зориулалт, чимэглэл зэргээс нь шалтгаалан өдөр тутмын, гоёл чимэглэлийн гэж ангилна. Хазаар нь энгийн болон гоёлын гэж 2 янз. Монголчууд эртнээс хазаарыг алт, мөнгө, зэс, гууль, цас зэрэг материалуудаар хээтэй товруу бөгж горхи хийж чимэглэж иржээ. /зураг11/

Мөнгөн хазаар /зураг 11/Уулархаг нутагт эмээл урагш, хойш болж гүйхээс сэргийлж хударга хөмөлдрөг бий болсон ч хожим хэрэглээнээсээ илүүтэй морины гоёл чимэглэл болон хөгжсөн байна. Баруун монголчууд халиа мөнгөн чимэгтэй хөмөлдрөг, хударгыг өргөн хэрэглэдэг бол төвийн болон зүүн аймгуудад цэвэр мөнгөн чимэгтэй хударга хэрэглэдэг. Мөн дөрөөний хувьд хөнгөн хавирган дөрөөнөөс дугуй тавагтай жирийн төмөр дөрөө, гуулин дөрөө, цас дөрөө, жийжүүдсэн төмөр дөрөө, дөрөөний ул болон хажуу, дээд хэсгээр битүү сийлбэрлэж хээлсэн, энгийн болон гоёлын гэх мэтээр олон хэлбэр хийцтэй болон хөгжсөн байна./Зураг-12/

Сийлбэртэй дөрөө /зураг 12/

Яргай, хулс, суман зэрэг хатуу модоор хийсэн уртаараа 9 барим хэмжээтэй тэнзэн ташуур нь бөх, үзэмжтэй тул ихэвчлэн гоёлд барьдаг онцлогтой. /Зураг-14/ Адууг нутаг нутагт барих арга өөр бөгөөд баруун монголчууд ихэвчлэн бугуйл хаядаг бол төв халхчууд уургаар уургалж барьдаг. Үхрийн элдсэн сураар цээж хэсгийг бөөрөнхийлөн сүлжиж хийсэн 9 алдын урттай бугуйлыг эмээлийнхээ хоёр бүүрэгт углах буюу биендээ мөрөвчлөн авч явдаг заншилтай. /Зураг-15/

Адуучид 5-6м урт уургынхаа цээжийг бургасаар, бөгсөн хэсгийг хусаар хийж хооронд нь нарийн сураар тагнайлдан боож холбодог. Хуйвыг оонын хүзүүний арьсаар хийвэл илүү бөх болдог.

Бугуйл /зураг 15/“Алтан биед аман гэрч, адуу малд тамга гэрч” гэдэг. Адууны тамга бол тухайн овгийн тэмдэг, сүлд нь юм. Адууны тамга нь өмч хөрөнгө үүссэнтэй холбоотой өөрийн малыг бусдаас ялгахын тулд бий болгосон хөрөнгийн баталгаа юм. Малд дарах энэхүү тэмдгийг тамга, тэмдэг, тамга тэмдэг, дүрэм, хайрлага, хайрсан гэхчлэн нутаг нутагт янз бүрээр нэрлэсээр ирсэн. Адууныхаа тамгыг ихэд шүтэж, түүнийг хийлгэх, унага тамгалах, хүүдээ шилжүүлэх өдөр судраа их нарийн сонгож, тамгалсныхаа дараа сүүнд дүрж "баар" /барцад/ -ыг нь гаргаж дээдлэн хадгалдаг байжээ. /зураг-16/

Алтай Чандмана тамга /зураг 16/Монголчууд намрын адаг сарын бар өдөр унагаа тамгалж, гүүгээ тавих бөгөөд энэ үеэр “тавилганы найр”, “тамганы найр” гэх мэт ёслол хийдэг аж. Хамгийн сүүлийн адуугаа тамгалахдаа “Тамгалсан адуу минь тал бүрхэж, тэмдэглэсэн адуу минь тэнгэрийн одон шиг үржээрэй!” гэж ерөөдөг юм. Тамганы нэр газар газар өөр өөр, саран тамга, зуузай тамга, чандмань тамга, хас тамга, гал тамга гээд баялаг арвин юм.

Уламжлалт эрийн гурван наадмын нэг нь хурдан морины уралдаан юм. Монголчуудын дунд эртнээс хурдан морь шинжих, уях, сойх арга ухаан, уламжлалт ёс заншил ихэд түгжээ. Монгол түмэн адууны тэнгэр хэмээн Дамдинянсан бурханыг шүтэж хурдан мориныхоо хийморийг сэргээх, элдэв саа тотгороос хүүхэд болон хурдан морио хамгаалах зорилгоор зүрхэн таринаар нь гийнгоолдог уламжлалтай. Хурдан хүлгийн тухай нэгэн сударт хурдан морийг дотор, нууц гурван зүйлээр шинжинэ хэмээн дурдсан байдаг нь монголчууд шандаст хүлгээ хэчнээн нягт нарийн ажиглан судалж, шинжилж байсны тодорхой жишээ юм.

Жангарын туульд морины хурдыг "хөнгөн тэмүүлэх морь нь хүний бодлоос дэлэм хурдан, хуй салхинаас алд хурдан" гэж шагшин бичиж үлдээсэн нь буй. 1697 оны Даншиг наадмын морины уралддаанд Бонхор Донир гэгчийн ганц цагаан морио түрүүлж ирсэнд Дархан Чин ван үүнд ихэд баясаж түүнд " Түмний эх " дууг зохиосноор наадам найрын сүлд дуу үүссэн гэдэг. Тэр үеэс түрүүлсэн морийг "Түмний эх" хэмээн цоллодог уламжлал бий болжээ.

Хөгшчүүл унасан хүүхдийн хийморь, уясан морины хийморь, уяач эзний хийморь тэгширч байж морь хурдалдаг хэмээн хэлэлцдэг. Монгол Улсад Галшир, Тэс зэрэг нутаг удам сайт хурдан хүлгээр орон даяар алдартай. Хурдан морь уралдуулахад сүүл, согсойг нь боох боолт, хөлсийг нь хусах хусуур, сойз, хөнгөн эмээл, хазаар, жижиг ташуур зэргээс гадна унаач хүүхдэд өмсгөх тусгай цамц, гуявч, бойтог, малгай бүхий хувцас зэрэг зүйлс орно.

Хурдан морь унах хүүхэд хөдөлгөөнд саад болохгүй, халууцахад бие барихгүй, давхихад салхи хөөрөгдөхгүй, биед тохирсон, хөнгөн авсаархан, тод өнгийн хувцас өмсөнө.

Бэлтгэсэн: Ч.Туулцэцэг /МҮМ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан/

"Зиндаа" сэтгүүлийн №10/510 дугаарт нийтлэгдэв

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ууганаа(202.5.198.136) 11 цагийн өмнө

Зөв2\n\n

2  |  0
Naruto(202.126.88.97) 11 цагийн өмнө

Ty

4  |  0
m(64.119.21.224) 11 цагийн өмнө

l

4  |  0
Top