Өмнөд Америкийн уугуул иргэд анх тамхины навчийг зандан модоор хийсэн уур, нүдүүрээр буталж, өвөрмөц анхилуун үнэртэй болгож хэрэглэдэг байжээ. Тэд тамхины үнэрийг удаан хадгалахын тулд гоёмсог хээ угалзаар чимсэн битүүмж сайтай ясан саванд хийдэг байв.
1493 онд Италийн алдарт аялагч Христофер Колумбын шинэ тив рүү хийсэн хоёр дахь аяллын гишүүн, номлогч Рамин Пане Карибын тэнгисийн зарим арлын уугуул иргэд нунтаг тамхи татаж байсныг ажиглан, Испанид буцаж ирэхдээ хамрын тамхи авч ирсэн нь сониуч Европчуудын дунд асар хурдан түгэн дэлгэрчээ. Хамрын тамхи нь элдэв өвчин анагаах, халдварын эсрэг үйлчилгээтэй гэх мэдээлэл европчуудын дунд тархаж, ялангуяа язгууртнуудын дунд түгээмэл хэрэглэгдэх болсноор дэлхийн ард түмнүүдийн дунд өргөн тархах үүд хаалгыг нээв. 1650-иад оноос Франц, Англи, Шотланд, Ирланд болон Европ даяар, улмаар Япон, Хятад зэрэг Азийн орнууд, Африк тив рүү нэвтэрчээ. Мин улсын Ванли (1573- 1620) хааны үед өмнөд Хятадын Гуандунд газардсан Итали номлогч Маттео Ричи Бээжин хотноо ирж, эзэн хаанд маш ховор хамрын тамхи бэлэглэснээр Хятад оронд тархаж эхлэв. Манжийн Чин гүрний Энх- Амгалан хааны үед (1661-1722) язгууртнууд, түшмэдийн дунд өргөн хэрэглэгдэж эхэлсэн бөгөөд нунтаг тамхины сав (хөөрөг) нь урлагийн үнэт зүйл болтлоо хөгжиж, янз бүрийн түүхий эдээр хийх болжээ.
Монгол оронд эхэн үедээ мөн л ихэс дээдэс, баяд, ноёдын дунд хэрэглэж эхэлсэн бөгөөд XIX зуунд монголчууд хамрын тамхи, хөөргийг өөрийн соёл, уламжлалд тохируулан хэрэглэж дадсан төдийгүй мэндлэх ёсны салшгүй нэгэн хэсэг болсон байна. Монголчуудын уламжлалт хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг тамхи барих, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэж иржээ.
Хөөрөг зөрүүлж тамхилах нь эвтэй явахын бэлэгдэл гэж үзнэ. Удаан уулзаагүй хүмүүс уулзан учрах үед болон уламжлалт цагаан сарын баярын үеэр бие биесийн амар мэндийг эрэн хөөрөг зөрүүлэн бэлэгтэй сайхан үсгийг хэлэлцэхээс гадна эв түнжин хагарсан хүмүүс эв эеэ буцаан бэхэлж, сэтгэл санаагаа ариулдаг сайхан ёс заншил ийнхүү бүрэлдэн бий болжээ.
Хөөрөг зөрүүлэхдээ хоёр хүн даалингаасаа хөөргөө гарган хөөрөгнийхөө толгойг суллаж, хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Чингэхдээ хөөрөгний толгойг үл мэдэг онгойлгон ахмад хүний хөөргийг нас залуу нь босож хүндэтгэн аваад баруун өвдөгөө босгон зүүн өвдөг дээрээ хагас суун тахимдуу ёсыг гүйцэтгэн тамхилаад эргүүлж өгөхдөө мөн тэр янзаар буцаан солилцоно. Тамхилах үедээ амар мэндээ эрж бэлэгтэй сайхан үгийг хэлэлцэнэ. Төрийн түшээд, язгууртнууд ихэвчлэн хаш хөөрөг, лам нар шаазан болон сүүжин хөөрөг, төрийн хар хүн гартаам, чүнчигноров, манан хөөргийг голчлон барьдаг байжээ. Мөн эхнэр хүний барьдаг хавтаганы хөөрөг, хос хөөрөг гэж буй. Ихэр хүүхэд төрүүлсэн эмэгтэйд хос хөөргийг бэлэглэдэг заншил байв.
Монгол хөөрөг хийц загварын хувьд толгой өндөр, ул өргөн байдгаараа хятад юм уу бусад улсын хөөрөгнөөс ялгагдах онцлогтой. Монгол хөөргийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт, хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал.
Аливаа хөөрөгний хийц чанарыг илэрхийлдэг чухал зүйл бол тухайн хөөрөгний ухалт юм. Аль болох гэрэл нэвтэртэл нимгэлж ухан дотор талыг нь өнгөлсөн, нарийн амтай хөөрөг үнэтэйд тооцогдоно.
Ж.Баярсайхан
МАНАН ХӨӨРӨГ
Мана чулуу нь найрлагандаа элдэв эрдэсийн хольцтой, далд талст болорын төрөл бөгөөд ихэвчлэн галт уулын суурилаг чулуунд бүрэлдэн тогтдог, гэрэл тусгахад нэвт гэрэлтэнэ. Мана нь цахиурын нарийн ширхэгт талстлагаас тогтдог. Хатуулаг нь 6.0-6.5 нягт нь 2.58-2.68.
Мана чулуу нь өнгө, гялбаа, хатуулаг, цуурал, зураасны өнгө, соронзон чанар, талстын дээрх зураас зэргээсээ шалтгаалан олон янзаар нэрлэгдэх болжээ. Монголчууд найрлаган дахь хольцоос нь хамаарч халтар, харлаг, чон, сүй, тархит, замагт, шар, дотор, хүрэн алаг, пиур, цахиур, цэнхэр, нүдэт, шалз, усан, бор, улаан гэх зэрэг 36 төрлийн мана байдаг хэмээн үзсээр ирсэн.
Монгол орны Дорноговь аймгийн Даланжаргалан, Их хэт, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутгуудад мана чулууны томоохон орнууд бий. Мөн Энэтхэг, АНУ, Мексик, Урагвай, Чех, Хятадад мана ихээр байдаг.
Эмийн сударт алаг маныг саа, үе мөч татах өвчнийг анагаахад тустай хэмээн тэмдэглэжээ. Улаан мана зүүсэн эмэгтэй цус алддаггүй гэдэг.
Ч.Туулцэцэг
ХАШ ХӨӨРӨГ
Хаш чулуу нь янз бүрийн эрдэс минералаас бүрдсэн хоёр өөр төрлийн бүтэцтэй чулуу юм. Үүний нэг нь олон улсын нэршилээр нефрит (nephrite) нөгөө жадиет (jadeite) бөгөөд хоёул хаш боловч дотоод найрлагын хувьд өөр бөгөөд нефрит нь кальци, магний-төмөр, баялаг амфибол минералын жижиг талст бүхий шөрмөслөг бүтэцтэй байдаг бол жадиет нь сод, хөнгөн цагаан, баялаг пироксиноос бүрдсэн жижиг талст бүхий шилэн бүтэцтэй ажээ. Хатуулаг нь 6-6.5, нягт нь 2.90-3.02 байдаг. Хаш чулуу нь янз бүрийн туяаралтай цагаан, ногоон, шар зэрэг өнгөтэй. Хашаар баян оронд Хятад, ОХУ, Канад, Австрали, АНУ, Бирм, Шинэ Зеланд, Герман, Польш, Итали улс ордог. Манайд хамгийн ойрхон байгаа ОХУ-ын хашийн орд нь Байгал нуураас баруун тийш Дорнод Саяаны нурууны салбар уулсад хэд хэдэн газарт байх ба голдуу ногоон өнгөтэй байдаг ажээ. Энд уулнаас тасарч унасан цулаараа 5 тонн хүнд хаш тааралдана. Энэ газрын тухай анх XIX зууны үеэс мэдэгдэж эхэлсэн бөгөөд 524.5 кг-ийн жинтэй цул хаш Британийн Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байдаг аж. Манай улсын Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Шишгэд голын сав газраас сайн чанарын ногоон хашийн орд олсон түүхтэй. Монгол Улсад үүнээс өөр газар хаш олоогүй байгаа бөгөөд Дундговиос нэг илрэц олсон бөгөөд ОХУ-ын хайгуулчид Өмнөговиос хаштай төстэй толигор чулуу олсон нь эдүгээ тусгай хамгаалалтын бүсэд оржээ. Жадейт нь нефрит хашаасаа ховор олдох бөгөөд хятадууд түүнийг үнэт Чулууны эрин үеэс хүн төрөлхтөн ашиглаж, багаж хэрэгсэл, гоёл чимэглэл хийдэг байв. Монголчуудын дунд өнгө сайтай цагаан хаш хөөрөг өндөр үнэлгээтэй байсаар иржээ.
Ж.Баярсайхан
ШҮР
Шүр (Coral) нь салаалсан мөчир, бугын эвэр мэт хэлбэр дүрстэй ба зөвхөн халуун болон дулаан бүсийн давстай тэнгис далайд байх амьд биет үхсний дараа нь хатууран биежиж бий болдог. Хатуулаг нь 3.5-4.0 ба 1.3-2.6 г/см3-ийн нягттай. Шаргал цагаанаас эхлэн цагаан, улаан, хар хүртэлх өнгө хувирсан үндсэн төрлүүд байдаг.
Шүрийг ихэвчлэн Энэтхэг болон Номхон далай, Карибын тэнгис, Улаан тэнгисээс олборлохын зэрэгцээ Тайвань, Австрали болон Малайзын эрэг, Канарын арлууд болон Хавайд тусгайлан тарималжуулах аргаар гаргаж авдаг байна. Улаан шүрийг ихэвчлэн Карнеол (Carnelian)-той, цагаан шүрийг зааны ястай андуурах тохиолдол байдаг байна.
Шүрийг гай зовлонгоос хаацайлах, муу зүйлд уруу татагдахаас сэргийлэх, уур хилэн, атаа хорсолыг саармагжуулах увидастай хэмээн үзнэ. Мөн аянга цахилгаан, хуй салхи болон чөтгөр шулмыг үргээх, таагүй зүйлээс авардаг гэж эртнээс хүмүүс хэрэглэж ирсэн бөгөөд аливаа осол эндлээс хамгаалж, хэл амыг зайлуулах учир хүүхдийн бүснээс шүр зүүж муу зүүдийг үргээдэг зан үйл байжээ.
Ж.Наранчимэг
БИШРЭЛТ БЕЙЛИЙН БАДАМГАРАВЫН ХАШ ХӨӨРӨГ
Шүрэн толгойтой, гуулин нуухтай, бүдэг цагаан хаш хөөргийг Сүхбаатарын районы 4-р хорооны иргэн Шатарын Жамъян 1975 онд тус музейд өгчээ.
Энэ хөөргийг Засагт хан аймгийн Санбэйлийн хошууны Дагдан бэйсийн хүү Бадамгаравын үе улиран хэрэглэж байсан хөөрөг хэмээн музейд өгсөн өргөдөл дээрээ дурдсан нь ташаа мэдээ бололтой. Иймд энэ хөөргийн эзэн гэх Дагдан бэйс, хүү Бадамгарав нарыг тодруулахыг хичээв.
Архивын баримтад /Ван гүнгийн илтгэл шаштирт/ Сайн ноён хан аймгийн Өөлд бэйсийн хошууны ноён Дагдан бэйс гэж байсан тухай дурджээ. Мөн тус хошууны настангууд Дагдан бэйс гэх хошуу ноён байхын зэрэгцээ дээр дурдагдаж байгаа Бадамгарав нь түүний хүү биш харин ач нь байсан байна. Бадамгаравын эцгийг Сандаг, зарим мэдээнд Сандагдорж хэмээн тэмдэглэжээ.
Мөн “...Өөлд Бишрэлт засаг хошууны бэйс Бадамгаравын хошууны нутагт язгуураас догшин ноён хутагт Хар хулын угсаанаас салбарласан үр...” хэмээн түүний угсаа гарвалыг маш тодорхой дурдсан байна.
1911 онд Халх монгол Манж чин улсаас туурга тусгаарлан Богд Хаант Монгол Улсыг байгуулахад хуучин Өөлд бэйсийн хошууг Бишрэлт бэйлийн хошуу хэмээн нэрлэх болжээ. Энэ нь одоогийн Архангай аймгийн Өлзийт сум юм. Үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөний түүхэн үйл явдалд онцгой гавьяа байгуулан хүчин зүтгэсэн олон арван хүнийг Богд хаант төрөөс хөхүүлэн шагнасны дотор Сайн ноён хан аймгийн цэргийн захирал Бишрэлт бэйл Бадамгаравын хошуунаас урианхайн дэд зэрэг тогосын отго, ангийн дарга Дэндэвыг Богд Хаант Монгол Улсын Баатар цолоор, гутгаар зэрэг тогосын отго, ангийн дарга /мөн дөтгөөр зэрэг тайж болгосон/ Хишигжаргал нарыг тус тус шагнасан мэдээ архивт үлджээ. Эндээс харахад Өөлд бэйсийн хошууны ноён Дагдан, 1911 оноос засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр тус хошууг Бишрэлт бэйлийн хошуу хэмээн нэрлэж хошууны ноёноор Сандагдоржийн Бадамгарав байсан байна.
Ч.Туулцэцэг
Эх сурвалж: Монголын Үндэсний музей
"Зиндаа" сэтгүүл 2018 он. №01 (08/508) дугаараас онцлов
Сэтгэгдэл ( 5 )
neeh ih tus bolsongui gehdee goy bna oo
3жөө
5гаарр ррррр хроаа роааөа оололл. Лтир. Ххлллзз\nЭэн
Илтгэл мөннүү\n\n
Kiss