“Зиндаа” сэтгүүлийн 2018 оны №11, 12/ 511, 512 дугаараас онцолж байна.
Монгол оронд эртнээс эдүгээ хүртэлх үеийн хүмүүсийн сүсэг бишрэлийг илтгэх олон арван биет болон биет бус дурсгалт зүйлс хадгалсан уламжлагдсан бөгөөд энэ нь монголчуудын оюун санааны үнэт өв уламжлал юм.
Эртний хүмүүс аливаа юмс болон байгалийн үзэгдлийг далдын хүч, ид шидтэй холбон ойлгох болсон үеэс сүсэг бишрэлийн төрөл хэлбэр үүсч бий болсон бөгөөд энэ нь бидний үед хадны сүг зураг, хөшөө чулуу зэрэгт дүрслэгдэхийн хамт биетээр цөөнгүй илэрч олджээ. Мөн хадны сүг зураг дахь “ёслолын хувцас өмсөн бүжиглэж буй хүн, хүний нүүрний дүрс болон тахилгын бололтой мод /овоо/ , түүний хажууд нар сар эрхэст хандан гараа дээш өргөн, сөхрөн суусан хүн” гэх мэт дүрслэл нь эртний хүмүүсийн оюун санаа ба сүсэг бишрэлийн тод илэрхийлэл юм.
АРХАНГАЙ АЙМГИЙН ЧУЛУУТ ГОЛЫН ХАДНЫ ЗУРАГ: ЗЭС ЧУЛУУНЫ ҮЕ ЧУЛУУН ОНГО
Эртний хүмүүсийн маги, тотем, фетишизм зэрэг шүтлэгийн хэлбэрээс бөө мөргөлийн үүсэл бий болж улмаар ураг төрлийн байгууллын эхийн эрхт ёсны үед хэлбэршин тогтсон байна. Бөө мөргөлийг эрдэмтэн Б.Ринчен, С.Бадамхатан, Х.Буянбат, нар хуучин чулуун зэвсгийн дунд үеэс дээд үе буюу 7000-5000 жилийн өмнөөс үүссэн хэмээн үзсэн байдаг.
Олон зуун жил байгальтайгаа нягт холбоотой амьдарч ирсэн монголчуудын хувьд бөө мөргөл байгалийн танигдашгүй сүр, далдын хүчтэй холбогдох, аргадах тайтгаруулах аврал хамгааллын гол сэжим байв. Тиймээс бөө мөргөл нүүдэлчин монголчуудын дунд амь бөхтэй ил болон далд хэлбэрээр оршсоор эдүгээ хүрсэн юм.
Бөөгийн буюу бөөлөх зан үйл нь тухайн бөө онгод сүнстэйгээ холбогдож, онгод нь тэрхүү харилцааг залж буй хэрэг бөгөөд бөө мөргөлийн гол шүтээн нь дээд 99 тэнгэр юм. Бөөгийн үйлдэх зан үйлээс шалтгаалан хар зүгийн бөө, цагаан зүгийн бөө мөн бурхны шашны зарим зан үйлтэй холбогдосон шарын бөө хэмээн ангилна.
XVI зууны үеэс бурхны шашин хүчтэй дэлгэрэх болсноор бөө мөргөлийн нөлөө суларч XX зуунд Цаатан, Дархад, Буриад, Хотгойд, Урианхай зэрэг цөөхөн угсаатны бүлгүүдийн дунд уламжлалт бөө мөргөл өөрийн хэв шинжээ хадгалан үлдсэн юм.
БӨӨГИЙН ХЭРЭГЛЭЛ
Бөөгийн хэрэглэлд хэнгэрэг, дохиур, хэлхуур, толь, таяг тэргүүтэн хамрагдана. Хэнгэрэг нь онгодын “унаа хөлөг”, хэл хуур нь онгод тэнгэрийг баясгах хөгжим, бардаг тойбуур нь бөө онгодын харилцааны туслах хэрэгсэл, толь нь бөө болон сүсэгтэн олны хүсэлт айлдлыг онгод тэнгэрт уламжлах, тэдний үгийг дамжуулах, мэргэ төлгийн үүрэг гүйцэтгэдэг хэмээн бэлэгдсээр ирсэн. Бөөгийн хэрэгсэл нь тухайн бөөгийн уг гарал, онгод тэнгэрийн заавраас хамааран олон төрөл байдаг.
БӨӨГИЙН “ОРГОЙ”
Бөөгийн зан үйлд онгод тэнгэртэйгээ толгойнхоо оройгоор шууд харьцаж бөөлдөг учраас оргой малгай нь оройгүй задгай байх нь эртний уламжлалыг дагасных, харин хотгойд халх барга буриад хорчин бөө нар майхавч буюу товорцог малгай өмсөж залбирал үйлддэг нь нутаг нутгийн зан үйлийн ялгаа, мөн бөөгийн шашны хувирал задрал хөгжлийн илрэл хэмээн судлаач эрдэмтэн О.Пүрэв гуай дүгнэсэн байдаг.
БӨӨГИЙН ХЭНГЭРЭГ
Харин талын язгууртан монголчуудын дэмжлэгийг авч Монгол орноо гурвантаа дэлгэрсэн бурхны шашин нь уламжлалт бөө мөргөлийг бүрмөсөн халж чадаагүй ч зарим зан үйлийг нь шингээн хөгжсөн байдаг. Тухайлбал, газар усны тахилга болон Чойжин сахиусыг буулгах гэх мэт.
ЧОЙЖОН САХИУСЫГ БУУЛГАХ ГЭХ МЭТ. ЧОЙЖОН САХИУСЫГ БИЕДЭЭ ОРШООГЧ ГҮТЭМБ ЛАМЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ
Чой –ном, жон-сахин хамгаалагч гэсэн төвөд үг бөгөөд Гонгор, Дамдинчойжоо, Жамсран, Лхам, Намсрай, Цамба, Шалши зэрэг чойжон сахиус бурхдыг жилийн гай барцад арилгах, тэрсүүд дайсныг номхотгох, элбэг хангалуун амьдрал хүсэх зэрэгт буулган чойжон сахиусын уншлагыг хийлгэж ирсэн уламжлалтай. Чойжон сахиусыг “солхо” хэмээх тусгай уншлага номоор урин залдаг байна.
ХХ зууны эхэн үеэс Монголын төр болоод бурхны шашны өмнөөс энэхүү зан үйлийг гүйцэтгэгч нь Богдын төрсөн дүү Лувсанхайдув байсан бөгөөд олноо Чойжон лам хэмээн алдаршжээ. Лувсанхайдувыг 1886-1887 оны орчимд Богдын их багш Номун хан ханбо Балданчоймбол болон VIII Богд хутагт Лувсанхайдувт “Чойжон сахиус” оршин байна хэмээн Чойжон лам буюу гүтэмб болгож, төр, шашныг хамгаалагч Чойжон сахиусны буюу догшдын орон сүмийг байгуулсан түүхтэй. Гүтэмб нь нарийн ур хийц бүхий хэд хэдэн давхар хувцас өмсгөлтэй. Цээжин хэсэгтээ санскритээр тарнийн үсэг бичсэн толь зүүх бөгөөд дөрвөн далбаа, ялалтын гурван жанцан тугийг тогтоох нэгэн төрлийн бүс хэрэглэнэ. Энэхүү хувцас нь барагцаалбал 30 кг –аас /70 фунтаас*/ илүү жинтэй тул Гүтэмб лам сахиусаа өөртөө буулгаагүй энгийн үедээ ч барагтаа л бол дааж өмсөхөөргүй” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Гүтэмб ламын дагалдах хэрэгсэл, зориулалтын шинж нь олон зүйлээрээ бөөгийн шашны зан үйлтэй утга зориулалт нь адил байдаг.
ШҮТЭЭН САХИУС
XVII- ХХ зууны монголчууд шүтээн сахиусаа бурхны шашны тогтсон дэг жаягийн дагуу Өндөр гэгээн Занабазарын хүрлээр цутгаж алтаар шарж урлах аргаас гадна хөөх, сийлэх, зурах, хатгамалдах зэрэг бүхий л төрөл урлалаар бүтээн шүтэх болсон юм. Ийнхүү бурхны шашин монголчуудын ахуй амьдралд бүрэн шингэн шашин шүтлэгийн нэгэн өвөрмөц соёлын хэлбэрийг бий болгосон юм. Тухайлбал Монголчууд бурхан шүтээнээ орон гэрийнхээ хойморт алтдан хээлсэн гүнгэрваанд залж шүтэхийн хамт энгэр, мөр болон биендээ хамгаалалт болгон гуунд зүүн хэрэглэх, бурхны шашны бэлгэдэлт хээ угалз, билэгт тарнийн үсгээр чимэглэх зэргээр монгол ахуй амьдралд бүрэн шингэсэн юм.
ЭНГЭРИЙН ГУУ
Лам хуваргууд хийгээд сүсэгтнүүд шүтээн болгон хүзүүндээ зүүдэг аль нэг бурхны хөрөг эсхүл номыг агуулах сав. Сахиусыг гол төлөв дөрвөлжин гуунд хийж зүүдэг байжээ
Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Наранчимэг
Сэтгэгдэл ( 0 )