Урд улаан үнээт уулын хадны оршуулгын дурсгал

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 08

"Зиндаа" сэтгүүлийн №09/509 дугаарт нийтлэгдсэн нийтлэлийг онцолж байна. 


Дэлхийн чулуун мандлын өнгөн хэсэгт орших, газрын гадаргатай нүх сүвээр холбогдсон хөндий орон зайг агуй гэдэг. Хүн төрөлхтөн эрт цагаас агуйг сонирхож, оромж сууц, агуулах, оршуулга, ан отох газар, эмчилгээ сувилгаа, шүтээний газар болгон амьдрал ахуйдаа ашиглаж ирсэн тул түүх, археологи, соёлын өвийн чухал ач холбогдолтой газруудын нэг юм.

Манай улсын хил хязгаар дотор орших, байгалийн бэлэн хад асга, агуй, хонгилоос эртний түүхийн баримт, тэр үеийн хүмүүсийн бодит дүр төрхийг хадгалсан хатмал шарил, бидний өвөг дээдсийн түүх, соёл, амьдрал, аж ахуй, ертөнцийг үзэх үзлийн нууцыг шингээсэн эд өлгийн дурсгалт зүйлс цөөнгүй олдсон байдаг. Энэ нь археологич, судлаачдын хадны болон агуйн оршуулга гэж нэрлэж хэвшсэн эрт, дундад үеийн нүүдэлчдийн үхэгсдээ оршуулж байсан соёл, зан үйлийн өвөрмөц нэгэн хэлбэр болно. Судлаачдын тогтоосноор хадны оршуулгууд НТ IV-XVII зуунд холбогдож буйг лабораторийн (C14) нарийн шинжилгээ харуулдаг бөгөөд Монгол нутагт эрт дээр цагт үүсч, түүнтэй уялдсан оршуулгын зан үйл бүрэлдэн тогтсоныг гэрчилдэг.

2015 онд Монголын Үндэсний Музейн судлаачдын малтан судалсан Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт уулын хадны оршуулгын дурсгал III зууны үед холбогдсон нь дээрх он цагийг нэгэн зуунаар урагшлуулсан судалгаа болсон юм. Лабораторийн судалгааны үр дүнд энэхүү дурсгал нь НТӨ II-III зуунд буюу өөрөөр хэлбэл Сяньби улсын төгсгөл, Нирун улсын эхэн үед хамаарч байгаа нь тогтоогдлоо.

Энэхүү дурсгал нь 2015 оны 4 дүгээр сард Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Урд улаан үнээт” ууланд тонуулчид хадны оршуулга эвдэн сүйтгэж, зарим эд өлгийн зүйлс Ховд аймгийн Цагдаагийн газарт хураагдсан тухай мэдээлэл Монголын Үндэсний Музейд ирснээр мэдэгдсэн байна. Монголын Үндэсний Музейн археологичид Ховд аймгийн Цагдаагийн газарт очиход хадны оршуулгаас гарсан суран хөвчтэй нум, сум, саадаг, хоромсого, сэнжтэй модон сав, эвэр иштэй төмөр хутга, эмээлийн мод, эвэр зуузайтай төмөр амгай зэрэг олдворууд тусгай өрөөнд хадгалагдаж байсныг баримт үйлдэн шилжүүлэн авч, улмаар судалгааны баг хадны оршуулга байсан дурсгалт газарт очиход толгой, шийр, сүүлтэйгээ хатсан адууны арьс (зүлд), доргоны арьс болон хонины нэхийгээр хийсэн дээл хувцасны үлдэгдэл, авсны мод, хүний хатмал шарил зэргийг бусниулж, анхны байрлалаас нь хөдөлгөн орхисон байв. Агуйн аман дээр гаргаж хаясан шороог шалгахад дотроо модон эдлэлүүдтэй жижиг ширэн уут, амыг нь модоор хавчиж, нарийн сураар хоёр талын үзүүрийг бөхөлсөн бас нэгэн жижиг ширэн уут олдов.

Мөн малтлага судалгааны явцад агуй дотор байсан модон авсны толгой талаас туг тугаар нь салаалан сураар зангидаж уясан хар өнгөтэй хүний бололтой үсний хэсэг, мөн авсан дотор нас барагчийн хоёр хөлд богино дан түрийтэй нимгэн ширэн гутлын хэсэг зэрэг олдворууд үлдсэн байсныг судалгааны арга зүйн дагуу баримтжуулан, Улаанбаатар хотноо шилжүүлэн авчирч, Соёлын өвийн төвд зарим олдворуудыг сэргээн засварлах, бэхжүүлэх ажлыг хийж, улмаар 2017 оны 5-6 дугаар саруудад Монголын Үндэсний Музейд “Хадан гэрийн соёл” үзэсгэлэн зохион байгуулж олон түмний хүртээл болгосон билээ. Ховдог шунахай этгээдийн гарт харамсалтайгаар сүйтгэгдсэн энэхүү дурсгал Ховд аймгийн Мянгад сумын өв соёлоо эрхэмлэгч ард иргэд, цагдаагийн байгууллага, эрдэмтэн судлаач нарын нөр их хөдөлмөрийн үрээр эдүгээ Монголын түүх, соёл, шинжлэх ухааны хоосон орон зайг нөхөн судалгааны эргэлтэнд орж, дэлхийн ард түмэн, бидний үр хойчийн мэлмийг гийгүүлэн үеийн үед уламжлагдан үлдэхээр Монголын Үндэсний музейд хадгалагдаж байна.

Эх сурвалж: Монголын Үндэсний музей

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top